Хятадын эрх баригчид цэрэг болон иргэний аль аль зориулалтаар ашиглах боломжтой буюу давхар зориулалтын ч гэгддэг технологийн бүтээгдэхүүнүүдээ АНУ-д нийлүүлэхээ зогсоох төлөвлөгөөгөө зарласан байна. Зай хураагуурын эд анги үйлдвэрлэлд лити, галлий зэрэг чухал металлуудын боловсруулалтад ашиглагддаг зарим технологийн экспортыг хязгаарлана гэж Хятадын Худалдааны яамны өчигдрийн мэдээлэлд дурджээ. Энэ төлөвлөгөө нь ажил хэрэг болж хэрэгжих нөхцөлд Бээжин өөрийн дангаар давамгайлдаг чухал металлууд, тэдгээрийн боловсруулалтад ашигладаг технологийн экспорт руу чиглэсэн цуврал хориг хязгаарлалтын сүүлийнх нь болох юм.
Үүнээс өмнө өнгөрсөн 12 сард Хятад мөн энэ талын экспортоо чангатгаж байсан. АНУ талаас мөн хагас дамжуулагч болон бусад өндөр технологийн бараа бүтээгдэхүүнийг Хятад руу гаргахад хориг хязгаарлалтаа чангатгах болсон үед Хятадын Худалдааны яамнаас энэ алхмыг зарласан байна. Үндэсний аюулгүй байдал болон улс орны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, басхүү Хятад улсын экспортын хяналтын дүрэм журамд нийцүүлж байгаа гэдгийг Худалдааны яамнаас нь онцолж мэдэгдсэн энэ арга хэмжээнд хамрагдаж технологийн нийлүүлэлт хийгдэхгүй болж байгаа Америкийн пүүс компаниудын тоонд батлан хамгаалахын томоохон үйлдвэрийн нэг “Локхид Мартин” багтсан байна.
Энэ мэтээр АНУ-аас Тайвань руу нийлүүлдэг зэвсгийн нийлүүлэлтэд оролцоотой Америкийн 10 компанийг Хятад улстай холбоотой экспорт импорт эрхлэх, шинээр хөрөнгө оруулахыг хориглосон, найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулсан талаар Хятадын худалдааны яам мөн мэдээлжээ.
Бээжин ийм маягаар, АНУ-ын дараагийн ерөнхийлөгч Трампыг энэ сарын 20-нд албандаа орсны дараа ч Тайваний талаарх хатуу бодлого байр сууриа хэвээр хадгалах бодолтой байгаагаа харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Харин чухал металлын нийлүүлэлттэй холбоотой ирэх 2 сарын 1-н хүртэл иргэд олон нийтээс санал дүгнэлт хүлээж авахад нээлттэй гэж зарласан Хятадын худалдааны яамны төлөвлөгөө яг хэзээ эцэслэгдэж хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа аж.
Мөн экспортын энэ хязгаарлалтын түвшнээс хамаарч литийн химикатууд үйлдвэрлэлдээ хятадын технологийг ашиглахаар найдлага тавьж байгаа барууны литий үйлдвэрлэгчдэд бэрхшээл учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Харин цахилгаан автомашины зай хураагуурын үйлдвэрлэлийн түүхий эд- литий боловсруулалтын дэлхийн зах зээлийн 70 хувийг хянадаг Хятад улсын хувьд байр сууриа улам бататгах боломжийг олгоно гэж шинжээчид харж байна.
БНХАУ давхар зориулалттай технологийн бүтээгдэхүүний экспортоо нэмж чангатгана | ||
Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.