Шууд Chart

Ам.доллартой харьцах еврогийн ханш сүүлийн хоёр жилийн доод үзүүлэлтэд хүрч унав

2025-01-04 13:47:22

Америк доллартой харьцах еврогийн ханш сүүлийн хоёр жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрч унасан байна. Евробүсийн эдийн засагтай холбоотой болгоомжлолууд, Трампын татвар, бас ЕТБ болон америкийн ХНС хоорондох эрс тэс зөрүүтэй мөнгөний бодлого зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр еврогийн ханш улам сулрахад нөлөөлж байгааг тоймч, шинжээчид тэмдэглэж байна.

Пүрэв гарагт еврогийн ханш ам.долларын эсрэг 0,9 хувиар суларч, 2022 оны 11 сарын 21-нээс хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурсныг Евроньюс онцолсон байна. Евро/долларын хослол өнгөрсөн оны 9 сард 1,12-оос давж байсан 2024 оны оргил үзүүлэлтээсээ огцом суларснаар сүүлийн ердөө 3 сарын дотор бүтэн 9 хувь доошилжээ. Трампын сонгуулийн ялалттай зэрэгцэж доллар улам чангарснаар еврогийн ханш өнгөрөгч 11 сараас тасралтгүй буурчээ. Энэ маягаараа евро-долларын хослол энэ 2025 онд бараг ижил түвшинд очно гэж шинжээчид тооцоолж байна.

Хамгийн сүүлд 2022 онд, Орос Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлэхтэй зэрэгцэн ханшийн ийм үзэгдэл болж байсан байна. Дээрээс нь Оросын Европ руу гаргадаг хийн 5 жилийн гэрээний хугацаа сая он гарахтай зэрэгцэж дуусгавар болсноор европын олон орон, хүйтний эрч ид чангарах үеэр илүү өндөр өртөгтэй халаалтын эх үүсвэрт шилжихэд хүрч байгаа нь евро бүсэд мөн давхар нэрмээс болж тусжээ. Евро бүсдээ эдийн засгаар тэргүүлэгч Герман, Франц улсуудын үйлдвэрлэлийн идэвхийг харуулдаг PMI индекс өнгөрсөн 12 сард “S&P Global” пүүсийн үнэлгээгээр улам суларсан дүн үзүүлж, эдийн засгийн суурь үзүүлэлт мөн тааруу байгааг илтгэсэн. Франц гэхэд боловсруулах үйлдвэрлэлийн идэвх нь 2020 оны 5 сараас хойш огцом суларсан бол, Германых 3 сарын доод үзүүлэлтэд тулснаар гарчээ.

Франц, Герман хоёуланд хэт барууны үзэлт улстөрийн хүчнүүдийн байр суурь өсөж, эрх баригч эвслүүд нь задарч улстөрийн тогтворгүй байдал дунд шинэ онтой золгосон. Хятад, Мексик, Канад улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг өндөрсгөнө гэж мэдэгдэж байгаа Дональд Трампын засаг захиргааны үед, хэдийгээр Европын талаар одоогоор ямар нэг тодорхой байр суурь илэрхийлээгүй ч гэлээ евро бүсэд мөн чамгүй эрсдэл тулгарч болзошгүй гэдэг болгоомжлол байгаа юм байна. Евро бүсийн нөлөө бүхий худалдааны түнш Хятад улсын эдийн засгийн удаашрал зэрэг аль ч талаасаа тааламжгүй олон хүчин зүйлсийн нөлөөгөөр еврогийн бүсэд эдийн засгийн төлөв таамгууд ерөнхийдөө бүүдгэр бүрхэг гарч байгааг шинжээчид мөн дурдсан байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ам.доллартой харьцах еврогийн ханш сүүлийн хоёр жилийн доод үзүүлэлтэд хүрч унав  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй