Шууд Chart

Бельгид нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглов

2025-01-04 13:53:17

Нэг удаагийн электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон ЕХ-ны анхны улс нь Бельги болж байна. Электрон тамхи, энэ төрлийн бусад дагалдах хэрэгсэл дэлгэрснээр ЕХ-ны нийгмийн эрүүл мэндийн салбарт шинэ асуудал тулгарсан байна. Европын хэмжээнд вэйп тамхины хэрэглээний ерөнхий түвшин харьцангуй доогуур байгаа боловч залуучуудын дундах хэрэглээ маш өндөр байгаа нь гол санаа зовоох асуудал болсон байна.

Электрон тамхины хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор Европын Холбооны хэд хэдэн улс зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон байна. Харин Бельги улс энэ 2025 оны 1 сараас эхэлж нэг удаагийн электрон тамхины худалдааг бүрэн хориглосон анхны улс болж байна. Ийм маягаар Брюссель залуучуудад, мөн хүрээлэн байгаа орчинд учрах эрсдэлийг бууруулж чадна гэж найдаж байна. ЕХ-ны гишүүн бус Их Британи улс ирэх 6-р сараас ийм хориг тогтоох бол, Ирланд улс мөн элдэв нэмэлт амт үнэр оруулагчийг хязгаарлаж зөвхөн тамхиныхийг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа юм байна.

ЕХ-ны орнуудаас Люксембург, Эстони, Чех улсуудад электрон тамхины хэрэглээ хамгийн өндөр буюу нийт хүн амын 10 хувиас давсан үзүүлэлттэй байна. Харин Болгар, Австри, Хорват улсуудад хамгийн бага буюу хүн амын 1 хувьд хүрээгүй байгаа аж.

Хоёр жилийн өмнө 2022 онд 15-24 насныхны дунд электрон тамхи хэрэглэгчдийн дундаж үзүүлэлт 6,5 хувь байсныг шинжээчид энэ завсар дурдаж байна. Энэ насны бүлгээр авч үзвэл, Эстонид хамгийн өндөр 30 хувьтай, ард нь Чех улс 25, Люксембург 20 хувьтай оржээ. Эстони, Чехэд ингэж залуучууд сүүлийн жилүүдэд вэйп ихээр хэрэглэх болсноор ердийн тамхины хэрэглээний үзүүлэлт мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй гарах болсон байна. Электрон тамхи болон бусад вэйпинг төхөөрөмж никотин агуулсан уусмалыг уур болгон сорох горимоор ажилладаг.

Ингэхдээ никотины агууламж нь харилцан адилгүй байдгаас зарим улс хязгаар тогтоодог. ЕХ-ны хэмжээнд тухайлбал, никотины агууламжийг 1,7 хүртэл хувьд хязгаарлах заалт үйлчилдэг байна. ДЭМБ 2023 онд хүүхэд, өсвөр үеийнхэн болон тамхи татдаггүй хүмүүсийг хамгаалах үүднээс электрон тамхинд хяналт тавих арга хэмжээ яаравчлах уриалга дэвшүүлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бельгид нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглов  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй