Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхэлсэн.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хүний папиллома вирусийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдар нь Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын хоёр дугаар байрт жагсаж байна. Дээрх хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь "вакцинжуулалт" юм. Хүний папиллома вирусийн вакциныг 11 настай бүх хүүхдүүдэд хамруулахаар 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж, улс орон даяар дархлаажуулалт хийгдсэн. Хэд хэдэн стратегийг мөрдөж ажилласан. Үүний нэгэн сургууль дээр суурилсан дархлаажуулах ажлыг хийсэн. Мөн товлолт вакцин учраас өрхийн эмнэлэг дээр дархлаажуулалт хийгдэж байгаа.
Одоогийн байдлаар 24 хувьтай явагдаж байгаа нь хамрагдалт хангалттай биш байгаа. Иймээс эцэг эхчүүд хүүхэд нь 11 настай бол товлолт дархлаажуулалт болон хүний папиллома вирусийн эсрэг вакциндаа харьяа өрхийн эмнэлэг дээр очиж үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Хүний папиллома вирусийн үүсгэгдэг олон төрлийн хавдраас сэргийлэхээр хийгдэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа хүний папиллома вирусээр эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар, эрэгтэйчүүдэд шулуун гэдэсний хавдар үүсгэдэг учраас хавдраас сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа вакцин юм. Вакцин хийгдсэний дараа хариу урвал үзүүлдэг. Энэ нь өөрөө алга болдог шинж тэмдэг. Харин хүүхдүүдэд ямар нэгэн хорол хөнөөлтэй зүйл байхгүй.
Энэ вакциныг дэлхий улс орнуудад хэрэглэгдээд маш олон тун түгээгдсэн байдаг. Дэлхийн 150 гаруй улс орнууд товлолдоо нэвтрүүлэн хэрэглэж байна. Манай улсад 11 настай хүүхдийг товлолын дагуу дархлаажуулах ажил орон даяар үргэлжилж байна. Вакцинжуулалтад хамрагдсанаар умайн хүзүү, толгой, хүзүү, анус, шулуун гэдэс, ам залгиурын хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Иймээс энэ вакциндаа хамрагдаж, хавдраас урьдчилан сэргийлээрэй” гэлээ.
О.Дашпагам: Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдалт хангалттай биш байгаа | ||
Үзсэн: 341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.