Шууд Chart

Эрүүл мэндийн сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2014-09-11 09:14:06

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. 

Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 1995 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр байгуулагдсанаас хойш одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хамгийн сүүлд 2007 онд хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд 2007-2010 онд хамтран ажиллах протоколыг шинэчлэн байгуулсан нь 2010 оны эцсээр дуусгавар болсон байна. Иймд эрүүл мэндийн сайд Н.Удвал 2015 онд ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцоваг Монгол Улсад айлчилж, хоёр яамдын хамтын ажиллагааны протоколыг шинэчлэн байгуулах саналыг холбогдох албаны хүмүүст уламжилж өгнө үү гэж элчин сайдаас хүслээ.
 
Хэдийгээр яамд хоорондын протоколын хугацаа дууссан ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг давтан сургах, уламжлалт хамтын ажиллагаа сэргэж, нэлээдгүй тооны эмч мэргэжилтнүүд ОХУ-д мэргэжил дээшлүүлж байна. Тухайлбал: ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд , перинаталогийн төвийн сургалтын төвд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт 34 эмч нарыг сургалтанд хамруулсан байна. Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд “Хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт” сэдэвт сургалтанд 24 эмч хамрагджээ. Эрүүл мэндийн сайд цаашид доорх дөрвөн асуудлаар ОХУ-тай хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Үүнд:
1. Монгол эмч, эм зүйч нарыг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх
2. Талууд хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчний тархалтыг судлан тогтоох, дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, бэлэн байдлыг хангах, байгалийн голомтын эрсдэлийн идэвхтэй тандалтыг гүйцэтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тандалтын мэдээллийг шуурхай солилцох механизмыг бий болгох
3. Талууд эм, эмийн бүтээгдэхүүний эргэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлэх, түүнчлэн эм, эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох
4. Оношлогоо, эмчилгээний стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
 
Элчин сайд Кубарович хэлэхдээ, Эрүүл мэндийн сайд таны ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцоваг айлчлахыг урьсан урилгыг цаг тухайн үед нь уламжилж өгөх болно, дэвшүүлсэн дөрвөн асуудлыг холбогдох хүмүүст танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Мөн Монгол улсын эрүүлийг хамгаалахын салбарт ОХУ-ын Тува, Буриад, Эрхүү муж хамтран ажиллах сонирхол байгааг хэллээ. Тун удахгүй визийн хөнгөлөлт эхлэхээр энэ талын хамтын ажиллагаанд ихээхэн дэм болох нь гарцаагүй гэдгийг ч онцоллоо. Түүнчлэн өөрийн бүрэн эрхийн хугацаанд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрүүл мэндийн сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй