Шууд Chart

Узбекистаны нисэх компани ОХУ-ын хотууд руу нислэг үйлдэх тоог хязгаарлажээ

2025-01-08 17:24:44

Казахстаны Актау хотын орчимд осолдсон “Azerbaijan Airlines” нисэх компанийн онгоцны хар хайрцгуудыг Бразил улс руу шинжлүүлэхээр илгээсэн талаар өмнө мэдээлж байсан. Тэгвэл Бразилын Агаарын цэргийн хүчин тэдгээр хар хайрцгийн мэдээллийг тайлж шинжилсэн, мэдээллээ олон улсын протоколын хүрээнд Казахстан улсад шилжүүлэн өгсөн гэдгээ мэдэгдсэн байна. Казахстан улс тэдгээр мэдээллийн үр дүнг шинжилж шалгасны үндсэн дээр ил болгож нийтлэх учиртай байна.

Тодруулбал, Бразилийн “Эмбрэер” компанид үйлдвэрлэгдсэн тухайн онгоцны хар хайрцгуудыг хөлгийн бүхээг дэх ярианы өөрөө бичигч аппарат, нислэгийн үеийн мэдээлэл бүртгэлийн төхөөрөмжүүдийг Бразилиа хот дахь бразилийн нисэхийн мөрдлөгийн лабораторид нээж шинжилсэн байна. Энэ шинжлэх үйл явцад Казахстан, Орос, Азербайжан гурван улсын төлөөлөгчид байлцаж ажиглалт хяналт тавьж ажиллажээ. Казахстаны зүгээс, ослыг мөрдөн шалгасан Казахстаны засгийн газрын комиссийн ажлын урьдчилсан дүнг 30 хоногийн хугацаанд зарлахаа амалж байгаа юм байна. Азербайжаны ерөнхийлөгч Алиевийн тухайд онгоцны хар хайрцгуудыг Бразил руу илгээсэн нь Баку хэргийн мөрдлөгийг бодитой явуулахыг шаардаж байгаагаас үүдэлтэй гэдгийг мэдэгдэж байсан.

Энэ ч үүднээс тус улс, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд дахь нисэх онгоцны ослуудыг мөрдөн шалгах ажлыг эрхэлдэг Улс хоорондын нисэхийн хороо буюу МАК байгууллагатай хамтарч ажиллахаас татгалзжээ. Алиев мөн энэхүү нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн болон амьд үлдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзах үеэрээ, ослын мөрдлөгийг эцэст нь хүртэл явуулна, мөн гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахын төлөө  Баку ажиллах болно гэж мэдэгдсэн. Энэ осолд Алиев ерөнхийлөгч оросын эрх баригчдыг буруутгаж, радио электрон тэмцлийн улмаас онгоцны удирдлага хяналтаас гарсан, мөн газраас гал нээж онгоцыг гэмтээсэн нь тодорхой болсныг мэдэгдэж, ОХУ харин хариуцлагаас зугтахыг дахиж оролдож байгаа нь Бакугийн зүгээс гайхах, харамсах, бас зүй ёсоор жигшин зэвүүцэх сэтгэгдэл төрүүлж байна гэж мэдэгдэх зэргээр нэг бус удаа эрс байр суурь илэрхийлж байна.

Мөн Москваг онгоцыг сүйрүүлсэн гэм буруугаа хүлээж, гэм буруутнуудыг шийтгэл ногдуулах, мөн нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн. 12 сарын 25-ны өглөө Казахстаны баруун талын Актау хотын орчимд осолдсон Азал нисэх компанийн онгоцонд нисэх багийн 5 гишүүнийг оролцуулаад 67 хүн явсан. Тэднээс 38 нь амь эрсэдсэний дотор онгоцны хоёр нисгэгч хоёул байсан байна.29 хүн амь гарчээ. Ослоос хойш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтай утсаар ярьж, Оросын агаарын орон зайд ийм эмгэнэлт хэрэг явдал болсонд уучлалт эрсэн. Мөн онгоцыг Грозный хотын нисэх буудалд буухаар зэхэж байх үед оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Грозный, Моздок, Владикавказ хотууд руу дайралт үйлдэж байсан украины нисгэгчгүй онгоцуудыг устгахаар ажиллаж байсан гэж мэдэгдээд байгаа. Энэ онгоцны сүйрлийн дараагаас нэлээд хэдэн нисэх компани Орос руу нислэг үйлдэхээ хязгаарласан.

Энэ арга хэмжээнд өчигдөр Узбекистаны Канот Шарк нисэх компани нэмэгдсэн байна. Энэ нисэх компани 1сарын 20-ноос 3 сарын 6н хүртэл Москва, Санкт-Петебург чиглэлийн 20 гаруй нислэгийг цуцалсанаа зарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Узбекистаны нисэх компани ОХУ-ын хотууд руу нислэг үйлдэх тоог хязгаарлажээ  
Үзсэн: 1688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй