Шууд Chart

Токио "БНХАУ-тай холбоотой хакер бүлэглэлийг Японд олон тооны цахим халдлага үйлдсэн" гэв

2025-01-10 11:13:26

Японы Үндэсний цагдаагийн газар болон Кибер аюулгүй байдлын Үндэсний төв Хятадтай холбоотой “Mirror face” хэмээх хакерын бүлгийн зүгээс өнгөрсөн 5 жилийн туршид кибер тагнуул туршуулын өргөн хүрээтэй ажиллагаа явуулж байсныг илрүүлснээ мэдээлжээ. Мөн тус хакерын үйл ажиллагааны тактикийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээгээ чангатгахыг засгийн газрын болон компани аж ахуйн нэгжүүдэд хандаж анхааруулсан байна.

Японы үндэсний цагдаагийн газрын мэдээгээр, Хятадын засгийн газрын дэмжлэгтэй үйлдэгдсэн гэх кибер халдлагын хүрээнд Японы ГХЯ, БХЯ, сансар судлалын агентлаг болон улстөрчид, сэтгүүлчид, хувийн компаниуд, мөн хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологиор дагнасан судалгааны төвүүд зэрэг зорилтот бай болгосон 173 газарт хортой программ бүхий хуурамч захидлыг 2019 оны 12 сараас 2023 оны 7-р сарын хооронд, мөн өнгөрсөн оны 6 сараас хойш илгээж байжээ.

Ингэхдээ шинжээч мэргэжилтэн эсвэл бай болгож байгаа байгууллагын дарга удирдлагад байсан хүмүүсийн нэрээр халхавчлах, Япон-Америкийн эвсэл, Тайваний хоолойн байдал зэрэг олон улсад тулгамдсан асуудал сэдвээр гарчиглаж, бага хурал, арга хэмжээний хуурамч урилгууд хэлбэрээр илгээдэг байжээ.

Ийм халдлагад өртсөн байгууллагын тоонд Японы агаар сансар судлалын агентлаг-JAXA багтсан. Энэ агентлаг 2023 оноос хойш удаа дараа кибер халдлагад өртсөн, гэхдээ пуужин, хиймэл дагуул, батлан хамгаалах чиглэлийн чухал мэдээллүүд нь аюулд ороогүй гэж мэдээлжээ. Өнгөрсөн онд Нагоя хотын боомтын чингэлэг тээврийн хэсэг кибер халдлагын улмаас 3 хоног ажиллагаагүй болж байсан бол хамгийн сүүлд Зул сарын баяраар, “ЖапанЭйрлайнз” нисэх компани кибер халдлагын улмаас дотоодын 20 гаруй нислэг хойшилж, цуцлагдсан ч богино хугацаанд халдлагыг таслаж, онц хохиролгүйгээр үйл ажиллагаагаа сэргээж чадсан байна. Японы үндэсний цагдаагийн газар улмаар Хятадын засгийн газартай холбоотой хакер бүлгийн кибер халдлагууд үргэлжилсээр байх төлөвтэй учир цахим шууданд болгоомжтой хандах, байгууллага, компаниудыг мэдээлэл харилцааны хяналтаа сайжруулахыг зөвлөжээ. Мөн тодорхой зарим улс орноос гаралтай энэ мэт кибер халдлагын тоо сүүлийн үед нэмэгдэх болж. Өнгөрсөн оны 5 сард мөн умард солонгосын хакер бүлэг Японы цахим мөнгөний биржээс 48,2 тэрбум иений биткойн хулгайлсан хэрэг үйлдсэнийг сануулсан байна. Энэ үүднээс японы засгийн газар нэн чухал дэд бүтэц бусад салбарт кибер халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд кбиер аюулгүй байдлыг чангатгах хууль санаачилж, энэ сарын 24-нд эхлэх парламентын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаагаа мөн мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио "БНХАУ-тай холбоотой хакер бүлэглэлийг Японд олон тооны цахим халдлага үйлдсэн" гэв  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй