
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хоёр дахиа сонгогдохоор нэр дэвшиж өрсөлдөхөөр шийдсэн талаар Украины “Телеграф” сонин лхагва гарагт мэдээлжээ. Зеленскийн ойрын хүрээллээс иш татсан гэх энэ мэдээллийг Украины удирдагчийн зүгээс нотлоогүй байгаа юм байна. Үүний зэрэгцээ хэдхэн өдрийн өмнө Украины удирдагч дайны нөхцөлд сонгууль явуулах боломжгүй гэдэг байр сууриа давтан илэрхийлж байсныг хэвлэлүүд мөн дурдаж байна.
Украины сонинд тэрчлэн, сонгогчдын 52 хувь нь итгэл хүлээлгэж байгаа, дээрээс нь гол өрсөлдөгч, Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Валерий Залужный нэр дэвшихгүй нөхцөлд ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн магадлал Зеленскийд бий гэж бичжээ. Их Британи дахь Элчин сайдаар сууж байгаа Залужныйг тэхдээ, Украины ерөнхий сайд асан, Батькивщина намын дарга Юлия Тимошенко, Ерөнхийлөгч асан Петр Порошенко, янз бүрийн улс төрийн хүчнээс ерөнхийлөгчид нэр дэвшигчид одоогийн ерөнхийлөгч хүртэл талдаа татаж нэр сүрийг нь ашиглах сонирхолтой байгаа гэдгийг энд дурдсан байна.
Энэ ч үүднээс Зеленскийн ажлын албаны дарга Андрей Ермак Залужныйг сонгуульд нэр дэвшилгүй Зеленскийг дэмжих нөхцөлд “Ард түмний зарц” намын жагсаалтын эхэнд бичигдэж, Дээд Радын гишүүний суудал санал болгосон. Харин татгалзах нөхцөлд Херсон хотыг 2022 онд оросын цэргүүдэд тавьж өгсөн зэрэг хэргээр эрүүгийн хэрэгт унах магадлалтай. Харин Залужный улс төрийн ямар нэг төлөвлөгөө хэлэлгүй “Төр улсаа хадгалж авч үлдэх эн тэргүүний шаардлага байгааг хэлсэн гэх мэтээр энэ сонинд улс төрийн хүрээний эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ. Украины ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнгөрөгч 2024 оны 3 сард болох ёстой байсан. Гэвч дайны байдлыг 3 сар тутам сунгаж байгаа одоогийн нөхцөлд сонгуулийг хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байгаа ч улс төрийн хүчнүүд энэ тухайд байнга зөвлөлдөж байгаа юм байна.
Албан ёсоор бол өнгөрсөн 5 сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Зеленскийн тухайд, одоогийн дайны үед сонгууль явуулах боломжгүй, дайн дууссаны дараа эсвэл хууль тогтоомжийг өөрчилсний дараа явуулж болох юм гэсэн байр суурийг өнгөрөгч даваа гарагт америкийн подкастчин Лекс Фридманд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Дайны үед сонгууль явуулах нөхцөлд фронтод байгаа саяар тоологдох цэргийн армийнхан, мөн хилийн чанад руу дүрвэсэн 8,5 сая Украинчуудын санал өгөх дэд бүтэц, цахим санал хураалтын журмыг боловсруулах зэрэг шаардлага тулгарна гэж тэр ярьжээ.
В.Зеленский Украины Ерөнхийлөгчид дахин өрсөлдөнө | ||
Үзсэн: 387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.