Гренландыг цэргийн хүчээр авах боломжийг үгүйсгэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэнтэй нь холбогдуулж АНУ-ын ерөнхийлөгчид сонгогдсон Дональд Трампыг Герман, Франц улсууд “тусгаар улсын хил хязгаар”-т заналхийлэхээс сэрэмжлүүлсэн байна. ХБНГУ-ын канцлер Олаф Шольц тухайлбал, улс “хил хязгаарын халдашгүй дархан байдал” гэдэг нь, Өрнө, Дорнын аль нь ч байхаас үл хамаарч улс болгонд хамааралтай байдаг гэдгийг онцолж мэдэгдсэн байна.
Энэ зарчмыг жижиг том ялгаагүй бүх улс дагаж мөрдөх учиртай гэдгийг Германы канцлер өчигдөр хэвлэлд хийсэн мэдэгдэлдээ цохон хэлж, Америкийн ерөнхийлөгчийн албанд орж байгаа Д.Трампын газар нутгаа тэлж өргөжүүлэх мэдэгдлүүд Европын удирдагчдад “ойлгомжгүй” байгааг дурджээ.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро тэгвэл “ФрансИнтер” радиостанцад өгсөн ярилцлагадаа, хэн байхаас нь үл хамаарч ЕХ аль ч улсыг хил хязгаарт нь халдахыг хүлцэхгүй гэж мэдэгдэхийн зэрэгцээ цэргийн талаар хүчээ бэхжүүлэх шаардлагатай талаар ярьсан байна. Францын Гадаад хэргийн сайдын Европын газар нутаг гэж ярьсан Гренландын тухайд, Данийн Хаант улсын бүрэлдэхүүнд байж байгаад 1985 онд өөртөө засан эрх авснаар Европын Холбооны харьяанаас гарсан юм.
АНУ-д засаглах гэж байгаа Дональд харин Трамп Панамын суваг болон Гренландад хяналтаа тогтоох нь Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудал гэдэг талаар өнгөрсөн 12 сарын сүүлээр хэд хэдэн удаа ярьж, энэ сарын 7-ны хэвлэлийн хурлын үеэр Панамын суваг, Гренландыг эдийн засгийн болоод цэргийн хүчээр авах боломжийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн. Үүний дараа Дани улс Гренландын батлан хамгаалахын зардлыг дор хаяж 1,5 тэрбум ам.доллароор өсгөнө гэж өнгөрөгч сард зарласан.
Мөн тус хаант улсын төрийн сүлд Гренланд болон Фарерийн арлуудын бэлгэ тэмдгийн дүрслэлийг илүү тодотгож томруулсан өөрчлөлтийг оруулаад байгаа юм. Үүний зэрэгцээ Франц, Герман, Польш 3-ын ГХЯ-ны сайд нар Европын нэгдмэл байдлыг харуулах үүднээс Трампын тангараг өргөх ёслолоос хойш АНУ-д хамтарсан айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаар Политико мэдээлсэн байна.
Герман, Франц улс Д.Трампын Гренландын талаарх төлөвлөгөөнөөс сэрэмжлүүлэв | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.