Шууд Chart

БНХАУ Европын холбоог олон улсын худалдаанд саад учруулж байгаад буруутгажээ

2025-01-10 13:31:44

Европын Холбоо хятадын компаниуд руу чиглэсэн мөрдлөг шалгалт явуулж байгаа нь “худалдаа, хөрөнгө оруулалтад шударга бусаар саад тотгор” учруулж байгаа хэрэг гэж Хятад улс мэдэгджээ. Хятадын худалдааны яам ЕХ-ны гадаадын татаас дэмжлэгүүдийн асуудлаарх дүрэм журмыг нягталж судалсан дүнгээ танилцуулахдаа ийм байр суурь илэрхийлсэн байна.

Тухайлбал, Европын эрх барих байгууллагууд хориг хязгаарлалтыг ялгавартай хэрэгжүүлдэг байдлаас болж хятадын пүүс компаниудын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзжээ. Хятадын худалдааны яамнаас танилцуулсан 20 хуудас тайланд, ЕК төрийн татаас дэмжлэгтэй холбоотой мөрдлөг шалгалтад нь хамтрахгүй нөхцөлд ард нь үр дагавраар далайлгах, өндөр торгууль ногдуулахаар сүрдүүлэх зэргээр нэг бус удаа дарамталсныг дурдаж, энэ бүхнээс болж хятадын хэд хэдэн компани Европ дахь төслүүдээ орхихоос аргагүйд хүрч, үүний уршгаар 2,1 тэрбум ам.долларын хохирол учирсан гэдэг тооцоог Хятад талаас танилцуулжээ.

Энэ мэт ЕХ-ны үйлдэл нь хятадын компаниуд, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтад саад, хязгаарлалт тогтож, европын зах зээлүүд дээрх өрсөлдөх чадварт нь хохирол учруулж байна. Энэ нь эргээд ЕХ-ны эдийн засагт өөрт нь сөрөг үр дагавар учруулна гэж мөн анхааруулсан. Гэвч Бээжингийн талаас хариу арга хэмжээ авах эсэх тухайдаа мэдэгдэлд дурдаагүй. ЕХ-ны талаас мөн ямар нэг хариу байр суурь одоогоор илэрхийлээгүй байна. Өнгөрсөн онд ЕХ Болгарт бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байсан хятадын галт тэрэг үйлдвэрлэгч компани, мөн Румынд аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөж байгаа нарны хавтангийн үйлдвэрлэгчийн эсрэг зэрэг хэд хэдэн мөрдлөг эхлүүлсэн юм байна. Хариуд нь Бээжин ЕХ-ноос импортолдог брэнд дарс, гахайн мах зэрэг зарим нэрийн бүтээгдэхүүнд шалгалт хийж эхэлснээ мэдэгдэж байсан.

Харилцан бие биеийнхээ хамгийн том худалдааны түнш Хятад, ЕХ-ны талуудын зөрчил сөргөлдөөн үндсэндээ сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан автомашины салбараас үүдэлтэй. 2023 оны байдлаар Хятад улс ЕХ-ны нийт импортын 20 хувийг, харин экспортынх нь 9хувийг дангаар бүрдүүлсэн байдаг. Гэвч засгийн газраасаа татаас хүртдэг хятадын компаниудад Европын зах зээл дээр давуу байдал үүсэж байна гэдэг үндэслэлийг нягтлах мөрдөн шалгалтыг Брюссель өнгөрсөн оны 6 сараас эхлүүлсэн бол, 10 сараас хятадын цахилгаан автомашины гаалийн татварыг огцом -38 хүртэл хувиар нэмсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Европын холбоог олон улсын худалдаанд саад учруулж байгаад буруутгажээ   
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй