Өмнөд Калифорнийн Лос-Анжелес хотын эргэн тойронд шатаж байгаа гал түймрийн нөхцөл хүнд хэвээрээ. Орон нутгийн албаныхны сүүлд мэдээлснээр, түймэрт амиа алдсан хүний тоо 7 болж нэмэгджээ. Лос-Анжелесийн тойргийн шериф Роберт Луна амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна. Хотын баруун талын Пэлисэйдс дүүрэг, зүүнээс Итонд нийт 12500 га газрыг хамарч, бүхэл бүтэн хорооллуудыг үнс нурам болгосон энэ түймэр, Лос-Анжелес хотын түүхэнд хамгийн их гамшиг сүйдэл учруулсан түймэрт тооцогдож байна. Үүнтэй зэрэгцэн дахин нэг түймрийн голомт нэмэгдсэн мэдээ ирж байна.
Лос-Анжелесийн баруун болон зүүн талд дүрэлзэж гол хоёр том түймрийг одоо ч бүтэн унтрааж чадаагүй. Гэхдээ түймрийг улам өрдөж байсан салхины хүч хэсэг намжсаны ачаар галын тархалтыг нэлээд хумьж чадсан гэж мэдээлж байна. Мөн Холливудын толгод руу орсон түймрийг бүрэн дарж чадсанаар эндэх нүүлгэн шилжүүлэлтийг цуцалжээ. 7 хоногийн эхнээс зарим үед 160 км цагт хүрсэн хүчтэй салхитай байсан нь онгоц хөөргөж агаараас ус цацах боломжийг хааснаас Мягмар гарагт галын тархалт хамгийн их тэлсэн юм байна.
Одоогоор салхины хүч намдсан байгаа ч удахгүй дахин ширүүсэж, ирэх 7 хоногийн эхэн үе хүртэл намжих төлөвгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж болзошгүй гэдэг зовнил болгоомжлолыг ихэсгэж байгааг америкийн Үндэсний цаг уурын албанаас мэдээлсэн байна. Америкийн үндэсний гвардын алба хаагчид болон 10 гаруй муж улс болон Канадаас гал сөнөөгчид хүч хавсарч, нийт 7500 гаруй хүн, 1162 нэгж техник түймэр унтраах, аюулгүй байдлыг сахиулахаар ажиллаж байгааг амбан захирагч Гэвин Ньюсом мэдээлсэн байна.
Нийтдээ Лос-Анжелесийн эргэн тойронд 5 түймэр дэгдсэнээс нийт 117 хавтгай дөрвөлжин км газар буюу Сан-Франциско хоттой тэнцэх хэмжээний газрыг хамарч, 10 мянгаад орон барилга байшин бусад объектыг үнс нурам болгосон энэ түймрийн улмаас 180 мянгаад хүнд нүүлгэн шилжүүлэлт зарласан, өөр дахиад 200 мянгаад хүнд нүүлгэн шилжүүлэлт зарлах анхааруулга хүргүүлээд байна. Мөн 450 мянгаад хүн гэрэл цахилгаангүй байгааг Ройтерс мэдээлжээ.
Гэр орноо орхиж дайжихаас аргагүйд хүрсэн олон мянган хүн түр байруудад толгой хоргодож байгаа юм байна. Accuweather цаг уурын байгууллагаас энэ түймрийн дараах сэргээн босголтын амаргүй ажлууд, барилга, бусад эд хөрөнгө эзэмшигчдийн даатгалын өртөг асар их нэмэгдэх төлөвөөс үүдэн нийт гарз хохирол, эдийн засгийн алдагдлыг 135-150 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлттэй байна. Үүний зэрэгцээ галд өртсөн барилга байшин нэг бүрт хүн өртсөн эсэхийг шалгах үзлэг явуулж байгаа, улмаар Итон дүүрэг дэх түймрийн нурмаас 2 хүний цогцсын үлдэгдэл олдсоноор амь үрэгдсэн хүний тоо албан 7 болсныг гал түймрийн алба мэдээлсэн.
АНУ-ын албанаасаа буух гэж байгаа ерөнхийлөгч Жозеф Байден тэгвэл энэ түймрийн нөхцөл байдлын улмаас Ром болон Ватиканд хийх айлчлалуудаа цуцалсан, Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их гамшиг сүйдэл тарьсан энэ түймрийг дарахад туслах хүсэлтийг Конгресст хандаж гаргахаа мэдэгдээд байна. Тэрээр мөн Өмнөд Калифорни дахь энэ түймрээс хүмүүсийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах зардлыг Холбооны ЗГ-аас 100 хувь гаргана гэж мэдэгджээ.
Жозеф Байден гал түймэртэй тэмцэхэд тусламж хүсэж Конгресст хандана | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.