Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөртэй нь холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашлаад өрнөдийн хориг арга хэмжээнүүдийг цуцлуулахын төлөө байгаагаа мэдэгдсэн. Энэ үүднээс ирэх долоо хоногт Техран Их Британи, Герман, Франц улсуудтай Швейцарийн Женевт хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Талууд Ираны ихээхэн зөрчил маргаан дагуулсан цөмийн хөтөлбөр, холбогдох бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар Евроньюз уламжилсан байна.
Ираны гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаи АНУ-тай хэлэлцээ хийх боломжийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад даваа гарагт ингэж хариулжээ. Түүний мэдээлснээр, Женевт болох Иран болон Франц, Их Британи, Герман улсууд оролцох шинэ шатны хэлэлцээгээр Баруун Азийн нөхцөл байдал, Европын Холбоотой хоёр талын харилцаа, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал мөн Техраны эсрэг хоригуудыг цуцлахтай холбоотой сэдвүүд хэлэлцэгдэх юм байна.
Ираны ГХЯ-ны сайд Аббас Арагчи бас, Техраны талаас хориг арга хэмжээнүүдийг цуцлуулах, цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зовнил болгоомжлолыг арилгах чиглэлд яриа хэлэлцээнд бэлэн гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэгвэл, Техран уран баяжуулах зорилгынхоо “эргэлт буцалтгүй цэгт хүрэх дөхөж байгаа” гэдгийг мэдэгдэж, хэлэлцээгээр хэрэв ахиц дэвшил гарахгүй бол нэмэлт хориг арга хэмжээ авах боломжийг мөн авч үзэх үүднээс 2015 онд Ирантай байгуулж байсан цөмийн хэлцлийн талаар мөн европын түншүүддээ сануулжээ. Ираны ГХЯ харин “үр бүтээлч” бус гэж тодорхойлсон энэ арга барилаа шинэ хэлэлцээний босгон дээр эргэн харахыг Парисыг уриалсан байна.
Энэ сарын 20-нд Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2018 онд Ирантай байгуулсан олон улсын хэлцлээс АНУ-ыг гаргаж, тус улсын эсрэг шинэ хоригууд тогтоож байсан. Техранд дээд зэргээр шахалт үзүүлэхэд чиглэсэн Трампын бодлого Ираны эдийн засагт мөн ихээхэн хор хохирол учруулж Ираны мөнгөн тэмдэгт риалын ханш огцом унасан. Иран мөн үүний хариуд нь цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэхээ зогсоожээ. 2019 он хүртэл Иран улс хэлэлцээрийг дагаж мөрдөж байгааг ОУАЭА баталгаажуулж байсан боловч түүнээс хойш зөрчих нь даамжирч хэлэлцээрийн хэрэгжилт явцгүй болжээ. 2023 онд ОУАЭА Ираныг ураны нөөцөө 2015 оны хэлэлцээрээр тогтоосон хязгаараас 22 дахин нэмэгдүүлсэн байна гэдэг тайлан дүгнэлтийг гаргасан байдаг.
Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар Өрнөдийн орнуудтай шинэ хэлэлцээ хийнэ | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.