Хятадын засгийн газар доголдолтой байгаа эдийн засгаа дэмжих үүднээс шинээр худалдаж авахад төрөөс 20 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлдэг хэрэглээний барааны нэр төрлийг олшруулжээ. Мөн хэрэглээний төрөл бүрийн тоног төхөөрөмжөө олноор нь шинэчилж худалдан авалт хийх нөхцөлд хүүг нь урьдчилж төлөх хэлбэрээр санхүүгийн дэмжлэгийг мөн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Хятадын хөгжил шинэтгэлийн улсын хорооноос энэ 7 хоногийн Лхагва гарагт мэдээлсэн байна.
Төрөөс үзүүлэх ийм татаас хөнгөлөлтөд өмнө хамрагдаж байсан зурагт, гар утас, таблет, ухаалаг утаснаас гадна цахилгаан болон хос хөдөлгүүртэй автомашинууд дээр одооноос богино долгионы зуух, аяга таваг угаагч, будаа агшаагч, ус шүүгч болон бусад ахуйн техник хэрэгсэл нэмэгджээ. Хятадын төв засгийн газраас 2025 онд энэ зорилгод 11 тэрбум орчим ам.доллар хуваарилсан нь хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа өсгөхөд чиглэсэн алхам юм байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг үл хөдлөхийн салбарын хямрал гүнзгийрч, хэрэглээний эрэлт суларсан зэргээр хэд хэдэн төрлийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа.
Шинэ эд барааны худалдан авалт, хэрэглээний идэвхийг сэргээх зорилготой энэ хөтөлбөрийг Хятадын засгийн газар өнгөрсөн оны 3 сараас анх хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд илэрхий үр нөлөөтэй нь харагдсан гэж Хөгжил, шинэтгэлийн Улсын хорооноос мэдэгдэж байна. Хятадын худалдааны яамны мэдээгээр энэ бодлогын дүнд гэрийн цахилгаан бараа, автомашин зэрэг өндөр үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгджээ.
Гэхдээ хэрэглээний эрэлтийг дорвитой өсгөхөд энэ урамшууллын хөтөлбөр нь хангалттай үр нөлөөтэй эсэхэд зарим эдийн засагч эргэлзсэн байр суурьтай хэвээр байна. Хятадын эдийн засагч Дэн Ван тухайлбал, хэрэглээг нэмэгдүүлэхэд энэ арга хэмжээ яавч хангалттай биш гэж ярьсан бол “Moody's Analytics” пүүсийн хятадын эдийн засгийн тасгийн эрхлэгч Гарри Мерфи Круз мөн, автомашин, ахуйн цахилгаан бараа зэрэг тоотой хэдэн нэр төрлийн барааны борлуулалтад дэмжлэг болсон байж болох ч зарлага нийт дүнгээрээ өсөх хэмжээнд нөлөө үзүүлээгүй гэж үзэж байна.
Хятадын экспорт эрхлэгчид улам бүр амаргүй сорилтуудтай тулгарах болсноос тус улс сүүлийн саруудад эдийн засгаа дотооддоо дэмжих алхмуудыг улам эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Өнгөрөгч 12 сард хуралдсан ХКН-ийн Төв хорооны эдийн засгийн хорооны хурлаас “хэрэглээний зардлыг өсгөх” далайцтай хүчин чармайлт шаардлагатай байгааг онцолжээ. Энэ сард АНУ-ын ерөнхийлөгчийн албанд орох Дональд Трамп хятадын бараанд 60 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэний дараахан энэ алхмыг баталсан.
Ташрамд дурдахад, Хятад улс 2024 оны эдийн засгийн өсөлтийн дүн мэдээгээ ирэх 7 хоногт зарлах ёстой. Бээжин энэ үзүүлэлтийг 5 орчим хувьд хүргэх зорилтыг өнгөрсөн онд дэвшүүлсэн юм.
БНХАУ эдийн засгаа дэмжихийн тулд төрөөс хөнгөлөлтөд хамруулах барааны нэр төрлийг өргөжүүлжээ | ||
Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.