Шууд Chart

Хавтгай хамгаалах сангийн арга хэмжээнд оролцов

2014-09-11 11:05:11

Монголын говийн их дархан цаазтай газрын хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын /ИБУИНВУ/ Хавтгай хамгаалах сан (WCPF) - гаас өнгөрсөн долоо хоногт Английн Кент мужид сайн санааны хандивын арга хэмжээ зохион байгуулжээ.

Тус сангийн үндсэн үйл ажиллагаа нь дэлхийд нэн ховордсон хавтгайг хамгаалах болон говь цөлийн өвөрмөц тогтоцтой эко системд хавтгайн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг аж.

Монгол Улсын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр ИБУИНВУ-ын Хавтгай хамгаалах сангаас говийн их дархан цаазтай газарт хавтгай  үржүүлгийн төвийг нээн 2003 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр нь менежментийн хувьд  2011 онд говийн их дархан цаазтай газарт шилжсэн хэдий ч уг дархан цаазтай газартай байгуулсан төслийн хүрээнд хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагаанд тус сангаас байнга дэмжлэг үзүүлсээр ирсэн байна.
 
Дархан цаазтай газрын хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сард 2.500 фунт стерлинг, жил бүрийн есдүгээр сард өвс тэжээл бэлтгэхэд 10.000 фунт стерлинг, боловсролын хөтөлбөрт 25.000 фунт стерлинг зарцуулах шаардлагатай болдог ба энэхүү санхүүжилтийг олохын төлөө тус сан ажилладаг аж. 
 
Английн Кент мужид зохион байгуулсан энэхүү сайн санааны хандивын үйл ажиллагаанаас олсон орлогыг Монгол нутагт буй 400 хавтгайд хахир хүйтэн урт өвлийг өнөтэй давахад нь өвс, тэжээл худалдан авахад зарцуулах юм байна.
Уг сайн санааны хандивын арга хэмжээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга болон ЭСЯ-ны ажилтнууд, Британид оршин суугаа монгол иргэд өргөнөөр оролцжээ. Түүнчлэн арга хэмжээний үеэр монгол үндэсний урлагийн тоглолт, бөхийн барилдаан, орон нутгийн иргэний монгол, араб тэмээний үзүүлбэр уралдааныг зохион байгуулж оролцогчдод сонирхуулжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хавтгай хамгаалах сангийн арга хэмжээнд оролцов  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй