Шууд Chart

БНХАУ-ын экспортын хэмжээ 2024 онд жилийн дүнгээрээ 10,7 хувиар өсжээ

2025-01-14 15:26:39

Хятад улсын Гаалийн төв байгууллагаас өчигдөр тус улсын 2024 оны гадаад худалдааны дүн мэдээг зарласан. Энэ мэдээллээр, Хятадын экспортын хэмжээ 2024 онд жилийн дүнгээрээ 10,7 хувь өсөж, шинжээчдийн тооцоолж байснаас хавьгүй давсан дүн үзүүлжээ. Манай өмнөд болон хойд хөрш хоёр орны хоорондох бараа эргэлт 2024 онд 244,8 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөнийг Орос болон Хятадын гаалийн байгууллагуудын мэдээлэл харуулж байна.

Энэ нь Орос-Хятадын хоорондох бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1,9 хувиар өссөн дүн болж байгаа юм байна. Орос, Хятадын удирдагчид 2018 онд 100 тэрбум ам.доллар байсан хоёр талын бараа эргэлтийг 2024 онд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, 2023 оны 11 сар гэхэд энэ зорилтдоо хүрч чадсанаа мэдээлж байсан. Юанийн дүнгээр нь авч үзвэл, өнгөрсөн онд Бээжин, Москвагийн хоорондох бараа эргэлт 2,9 хувиар өссөн байна. Тэр дундаа Хятадаас Орос руу гаргасан экспортын хэмжээ 4,1 хувиар өсөж, 115,5 тэрбум ам.долларт хүрсэн бол харин Оросоос Хятад руу орсон импортын хэмжээ өмнөх хэмжээндээ буюу 129,3 тэрбум ам.доллар хэвээр гарчээ.

Улмаар Оросын нийт гадаад худалдааны гуравны нэгээс илүүг буюу 33,8 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлснээр Оросын хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгалж, Энэтхэг улс 8,8 хувь, Турк 8,6 хувьтайгаар ард нь оржээ. Улмаар 2024 оны эхний 10 сарын байдлаар 584 тэрбум ам.долларт хүрсэн Оросын  нийт бараа эргэлтийн 197 тэрбум нь Хятадад, 51 тэрбум нь Энэтхэг улсад, 48 тэрбум нь Туркт оногдож байгааг Оросын Холбооны Гаалийн албаны мэдээ харууллаа. Үүний зэрэгцээ Хятадаас Орос руу чиглэсэн экспортын хэмжээ өнгөрсөн оны 11 сард өмнөх оныхоосоо 10,5 хувиар буурсан дүнтэй гарсныг Ройтерс өнгөрсөн сард мэдээлж байсан.

Энэ нь дөрвөн сарын хугацаанд анх удаа бууралттай гарсан тохиолдол болсны зэрэгцээ Оросоос авдаг импортын хэмжээ Хятадад өнгөрсөн оны 10 сард 4,3 хувь буурсан бол 11 сард 7,4 хувь болж улам багассан дүн үзүүлжээ. Улмаар өнгөрөгч 11 сард Хятад, Оросын худалдааны хэмжээ 145,9 тэрбум юань буюу 20,14 тэрбум ам.доллар болсон нь өмнөх сарынхаасаа 5 хувиар буурсан дүн болж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын экспортын хэмжээ 2024 онд жилийн дүнгээрээ 10,7 хувиар өсжээ   
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй