Шууд Chart

Дархан-Уул аймаг хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад энэ онд 2.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

2025-01-15 16:23:54

Жайка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн дараагийн үе шатыг Дархан-Уул аймагт эхлүүлэхээр санал хүргүүлээд байгаа аж.

Төслийн урьтал нөхцөлийг судлах, аймгийн хүнсний хангамж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, нөхцөлтэй танилцах ажлын хүрээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран Дархан-Уул аймагт ажиллаж аймгийн засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсролын газруудтай уулзалт зохион байгуулж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгжилттэй танилцав.

Орон нутгийн зүгээс боловсролын салбарт шийдвэрлэсэн 5,4 тэрбум төгрөгийн 47,6 хувь буюу 2,57 тэрбум төгрөгийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад төсөвлөжээ. Тус аймагт “Боловсрол 2032” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд аймгийн төсвийн 30-35 хувийг хүүхдийн хөгжил, аюулгүй байдал, сургалтын орчин сайжруулах ажилд тогтмол зарцуулж байна

Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжаар “Эрүүл Хүнс-Тэнцвэртэй хооллолт” төслийн нэгж байгуулан Боловсролын газрын дэргэд ажиллуулж эхэлжээ.

Сургуулийн гал тогооны түрээсийн гэрээг дуусгавар болгох хүрээнд 1,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гал тогоог сайжруулах хүрээнд 373 сая төгрөг шийдвэрлэсэн байна.

Сүү хөтөлбөрийн хүрээнд 6-12 ангийн 12440 хүүхдэд 7 хоногт 2 удаа сүү олгохоор 658 сая төгрөг шийдвэрлэсэн зэрэг үйл ажиллагааг төлөвлөсөн байна.  Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд судалгааны баг тус аймагт ажиллана.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Дархан-Уул аймаг хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад энэ онд 2.5 тэрбум төгрөг төсөвлөжээ  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй