Ирэх 7 хоногт Швейцарын Давост ажлаа эхлэх жил тутмын “Дэлхийн эдийн засгийн форум”-ын өмнө ижил нэртэй олон улсын төрийн бус байгууллагаас 2025 онд дэлхий дахинд гол эрсдэл учруулах зүйл юу байх тухайд асуулга судалгаа явуулсан. Судалгаанд оролцогчдын бараг 4-ний нэг нь прокси болон иргэний дайн, төрийн эргэлт, терроризм гэх мэт зэвсэгт хямрал тэмцлийг 2025 оны гол аюул занал гэж үзсэн дүн гарсан байна.
Эрдэмтэн судлаачид, бизнесийн болон бодлого тодорхойлох салбарын мэргэжилтэн шинжээч 900-аад хүнийг хамруулсан энэ судалгааны тайлан илтгэлийг “Дэлхий дахины эрсдэлийн тухай” нэртэйгээр нийтлүүлсэн байна. Дэлхийд хуваагдмал байдал улам гүнзгийрч байгаагийн бас нэг сануулга болсон энэ илтгэлд, зэвсэгт хямрал 2024 онд байсан наймдугаар байраасаа шууд нэгт гарч ирж, удаах том эрсдэлт хүчин зүйлд байгалийн онц аюултай үзэгдлүүдийг судалгаанд оролцогчдын 14 хувь нь нэрлэсэн байна.
Гео-эдийн засгийн зөрчил сөргөлдөөн 8 хувийн үзүүлэлттэйгээр 3-т бичигджээ. Худал мэдээлэл, нийгмийн талцал хуваагдал, эдийн засгийн уналт, дэлхийн тогтолцооний эрс өөрчлөлтүүд зэргийг бусад эрсдлийн тоонд нэрлэсэн байна. “Хуваагдмал байдал гүнзгийрч, аюул эрсдэл шатлан даамжирч байгаа өнөөгийн нөхцөлд дэлхийн удирдагчид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, асуудлыг даван туулах чадавхаа сайжруулах эсвэл тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлэх сонголттой тулгарч байна” гэж “Дэлхийн эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Мирек Дюсек мэдэгджээ. Үүний зэрэгцээ 2035 он гэхэд энэ жагсаалтын эхний 4 байрыг байгаль экологийн аюул эрсдлүүд тэргүүлэх төлөвийг шинжээчид тэмдэглэлээ.
Олон улсын эрдэмтдийн бүлэг H5N1 шувууны томуугийн шинэ хувилбар аюул тарьж болзошгүйг анхааруулсан. Энэ шинэ томуу хүмүүс хооронд халдварладаг болж мутацид орох тохиолдолд 2025 онд хамгийн ноцтой аюулын нэг болж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна. Давос дахь “Дэлхийн эдийн засгийн форум” жил тутмын чуулга уулзалт энэ сарын 20-нд, АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөж албан тушаалдаа орох ёслолтой нэг өдөр эхэлнэ. Д.Трамп Давосын форумд 23-ны өдөр цахимаар оролцож үг хэлэх юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский харин 1 дүгээр сарын 21-нд үг хэлэхийг тус форумыг зохион байгуулагчид мэдээлсэн байна.
2025 онд дэлхий дахиныг гол эрсдэлд оруулах хүчин зүйл нь зэвсэгт хямрал байна | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.