Шууд Chart

Швед улс иргэний харьяаллаас хасах боломжийг өргөжүүлэх үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ

2025-01-16 14:40:42

Швед улс хууран мэхлэх эсвэл төрд аюултай арга замаар иргэний харьяалалд нь багтсан хүмүүсийн паспортыг хураахад чиглэсэн Үндсэн хуулийн өөрчлөлт батлуулахаар зэхэж байна. Энэ өөрчлөлт батлагдах нөхцөлд авлига өгөх, сүрдүүлэх, худал мэдээлэл өгөх замаар иргэний харьяалалд нь багтсан, эсвэл тагнуул хийсэн, эх орноосоо урвасан зэрэгт хэрэгт ял шийтгүүлж байсан давхар иргэний харьяалалтай хүмүүсийг Шведийн иргэний харьяатаас хасах боломж бүрдэх юм байна.

Швед улсын дотоодын аюулгүй байдалд өнөөдөр гурван зэрэг, маш ноцтой аюул заналхийлж байгаа нь хуулийн ийм өөрчлөлт хийх суурь нөхцөл болж байгааг Шведийн Хууль зүйн сайд Ганнар Строммерийн мэдэгджээ. Эдгээрт хүч хэрэглэсэн экстремизм, Шведтэй дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг төрийн субъектүүд, мөн байнгын болон зохион байгуулалттай гэмт хэргүүдийг тэрээр нэрлэсэн байна. 2015 оноос Шведэд цагаач дүрвэгчдийн том урсгал түрж орсноор орогнол хүсэгчдийн тоо эрс ихэссэний дараагаас зүүний болон баруунч үзэлт засгийн газрууд ээлжлэн засаг барихдаа цагаачлалын болоод орогнол олгох журмуудыг чангатгасаар ирсэн.

Ерөнхий сайд Ульф Кристерссоны баруун төвийн цөөнхийн засгийн газар мөн цагаачдыг цөөлөх, өөр хоорондоо холбоотой дээрмийн гэмт хэргийг бууруулах амлалттайгаар 2022 онд засгийн эрхэнд гарч ирж байсан юм. Стокхолм орогнол хүсэгчид, тэдгээрийн төрөл саднуудад түүхэндээ байгаагүй цөөн зөвшөөрөл олгосон үзүүлэлттэй өнгөрөгч 2024 оныг үджээ. Одоогийн иргэний харьяатаас хасах боломжийг өргөжүүлэх саналыг парламентын намууд дундын комиссоос дэвшүүлсэн байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд саналыг парламентын ердийн олонхоор дэмжсэн байх шаардлагатай. Дараа нь бүх нийтийн сонгууль явагдах тул Рикстаг буюу парламентад давтан санал хураалтад оруулах учиртай болно.

Өнөөдрийн байдлаар, Шведийн 10,5 сая хүн амын 20 орчим хувийг гадаад хүмүүс эзэлдэг. Түүнээс гадна Шведийн засгийн газар иргэний харьяат болох хүсэлт мэдүүлэх цагаач дүрвэгч иргэдийн байнга оршин суусан байвал зохих хугацаа таван жил байсныг найм болгож уртасгах санал оруулаад байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швед улс иргэний харьяаллаас хасах боломжийг өргөжүүлэх үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй