Шууд Chart

ОХУ, Вьетнам улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохирчээ

2025-01-16 14:49:48

Вьетнам, Орос хоёр улс цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохирчээ. Оросын засгийн газрын дарга Михаил Мишустины БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнд, хоёр тал цөмийн эрчим хүч, бусад чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрт Ханой хотноо гарын үсэг зурсан байна. Түүнээс гадна Оросын талаас Вьетнамд нефть, байгалийн хий, эдгээрийг боловсруулах бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгааг талууд тэмдэглэсэн байна.

Энэ хүрээнд Вьетнамын талаас өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээгээ хангах үүднээс Оросын “Росатомкорпорацтай цөмийн эрчим хүчний хэлэлцээр байгуулсан байна. Улмаар Вьетнам улсад түр царцаасан байсан цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг сэргээх чиглэлд хамтран ажиллахаар шийдвэрлэжээ. Батлан хамгаалах, эрчим хүч зэрэг олон салбарт хоёр улсын уламжлалт ойр нягт харилцааг түшиглэн энэ тухай хэлэлцээрийг байгуулсан нь Вьетнам улс Оросын цөмийн эрчим хүчний салбарын туршлагад итгэл хүлээлгэж байгааг тодотгосон үйл явдал болж байна гэж АСЕАН-ы мэдээллийн порталд бичжээ.

Үүний зэрэгцээ энэхүү хэлэлцээр нь Росатом корпораци, түүний охин компаниудад тогтоосон АНУ-ын хоригтой холбоотойгоор санаа зовоох нөхцөл үүсгэх талтайг ажиглагчдын зүгээс дурдсан байна. Вьетнамын тухайд ирээдүйд эрчим хүчний найдвартай байдлаа хангахад нь цөмийн эрчим хүч чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг үүднээс олон улсын харилцааны ээдрээтэй байдлыг даван туулах замаар эрчим хүчний зорилтуудаа урагшлуулж чадна гэж найдлага тавьж байгааг бүс нутгийн шинжээчид дурджээ. Вьетнамын засгийн газар 2016 онд хэт өндөр зардалтай, бас аюулгүй байдал нь санаа зовоож байсны улмаас цөмийн станц барих төлөвлөгөөгөө царцаасан байна.

Гэвч эрчим хүчний хэрэгцээ шаардлага улам нэмэгдсэнээс өнгөрсөн оны 11 сараас хөтөлбөрөө эргэн сэргээжээ. ОХУ-ын тухайд энэ салбар дахь хуримтлуулсан туршлага, технологийн давуу талаа түшиглэн хөгжиж байгаа орнуудад атомын цахилгаан станц барих төслүүд хэрэгжүүлдэг. Үүнээс гадна Орос улс Вьетнамыг БРИКС бүлэгт түнш орноор нэгтгэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг айлчлалын төгсгөлийн баримт бичигт нотлон илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Вьетнам улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохирчээ   
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй