УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр, УИХ-ын намрын чуулганаар УИХ-д суудалтай "Үндэсний эвсэл"-ийн дөрвөн гишүүн нийт найман ажлын хэсэгт орж ажилласан. Үүнээс гадна бид агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тодорхой судалгааны ажлыг хийж, эдийн засгийн чиг баримжаатай, шинжлэх ухааны тооцоолол дээр үндэслэж, богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм байна гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байна. Тиймдээ ч боломж олговол агаарын бохирдолтой богино хугацаанд тэмцэж, гайхамшгийг харуулж чадна гэдгээ миний бие ам бардам мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа УИХ-д суудалтай намууд зөвшилцөж, агаарын бохирдолтой тэмцэхэд хамтарч ажиллах саналыг тавьснаар өчигдөр Засгийн газраас манайд хандсан буюу хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлээд байна.
Ирэх бямба гаригт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллах ажил эхэлж байна. Мөн нийслэл болон 21 аймагт үүсээд байгаа агаарын бохирдлын асуудалд хандаж байгаа хандлага, бодлого шийдвэр бол үнэхээр XX зууны сэтгэхүйд байгаа гэж би шүүмжлэлтэй хандаж байна. Хоёрдугаар сарын 7-нд утаатай холбоотой УИХ-ын сонсгол болно. Энэ сонсголыг дүгнэж, үүнтэй уялдуулж ажлын хэсэг гарч ажиллана” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ-ын даргын дэргэдэх ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгож болох уу?
-Хуулийн гаргалгаа нь бол тийм. Үндэсний эвсэл Засгийн газарт хамтраагүй субъект. Тэгэхээр хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглалынхаа үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол Үндсэн хуулиараа хориотой зүйл. Харин утааны асуудал бол тэр чигтээ хүний ажил амьдрал, эдийн засагтай холбоотой асуудал. Үүнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, ипотекийн зээл, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн даатгал, эрүүл эдийн засгийн тогтолцоо зэрэг асуудлууд хөндөгдөнө. Мөн халамж, аж ахуй нэгж, компаниудыг дэмжих эрх зүйн орчны асуудал хөндөгдөнө. Тэгэхээр эрх зүйтэй холбоотой асуудлуудаа бид УИХ дээр аваад явъя. Энэ хүрээнд Засгийн газартайгаа хамтарч ажиллая л гэж байгаа юм.
Яндан хөөлөх, зуух тараах, хагас кокс зэрэг асуудлыг хуулийн хэм хэмжээгээрээ хотын захиргаа хийгээд явна. Харин агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн зэрэгцээ эдийн засгаа тэлэх буюу шинэ төрлийн бизнесүүдийг хөгжүүлэх боломж байгаа. Үүнийг эрх зүйн замаар хэрхэн дэмжих, яаж таатай нөхцөл бүрдүүлж, иргэдийн орлогыг нэмэх гэдэгт л бид эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллах зохицуулалт байгаа.
-Та агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулж гайхамшиг үзүүлнэ гэсэн. Тэгвэл энэ гайхамшгийг үзүүлэх арга хэрэгсэл нь юу байх вэ?
-Ирэх бямба гаригт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдана. Суурь зарчим нь иргэн баян бол улс баян гэдэг зарчмаар явна. Орлоготой, амьдрал нь боломжтой хүн нүүрс түлж, таван ханатай гэр амьдрахгүй шүү дээ. Иргэдийнхээ орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэх, аж ахуй нэгж компаниудыг хэрхэн дэмжих нь чухал. Утаа бол ядууралтай шууд холбоотой .Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй. Монгол Улс маш олон татвар, шимтгэл, торгуультай. Өнөөдөр иргэд өдөр, шөнөгүй ажиллаад зарлага нь орлогоосоо давж байна. Цаанаа ядаж 15 хувийн хуримтлалтай байвал орон сууцны асуудлаа бодолгүй л яах вэ дээ. Тиймээс эдийн засгийн аргаар утаатай тэмцэх хэрэгтэй.
-Эрчим хүчний үнэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Эрчим хүчний салбар эдийн засгийн хямрал орсон нь үнэн. Үнийг бага байлгах төрийн зохицуулалт болж орсон гэдэг нь өрөөсгөл ойлголт. Эрчим хүчний салбарт маш их хулгай байгаа. Энэ хулгайгаас үүдэлтэй хохирлыг эрчим хүчний үнэ нэмж төлж байна. Эхлээд хулгайтай тэмцээд дараа нь үнийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний үнэ нэмсэн. инфляц 1,5 хувиар нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар инфляц 9 хувьтай байна. Удахгүй цагаан сар болно. Хүнс болон бараа бүтэгдэхүүний үнэ нэмэгддэг. Иргэдийн орлого эрс буурчихсан.
Н.Номтойбаяр: Утаа ядууралтай шууд холбоотой | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.