Шууд Chart

Газад 15 сар үргэлжилсэн дайны гал намжиж, барьцааны эхний 3 хүнийг солилцлоо

2025-01-20 16:44:59

Хамасынхны Израилд үйлдсэн гэнэтийн харгис балмад халдлагаас үүдэлтэй эхэлж Газын зурвасыг бараг 90 хувь балгас болгож хувиргасан дайны гал 15 сарын дараа өчигдрөөс намжлаа.

Одоогийн байдлаар Израил-Хамасын талууд 471 хоногийн туршид Газад барьцаанд байсан гурван эмэгтэйг чөлөөлсөн, оронд нь Израилын шоронгуудаас 90 хоригдлыг суллаад байна.

Ийнхүү 2023 оны 11 сард анх удаа 7 хоног гал түр зогсоож барьцааны хүмүүс солилцож байснаас хойших анхны солилцоо өнөөдөр явагдаж, Газын зурвас, Израилаар зогсохгүй өөр бусад олон оронд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнд баярласан олныг хамарсан жагсаалууд болж байгаа мэдээ ирж байна.

Энэ удаагийн гал зогсоох хэлэлцээр олон улсын зуучлагчид болон Израил, Хамасын харилцан тохирсноор бол орон нутгийн цагаар ням гарагийн өглөө 8:30 цагт хэрэгжиж эхлэх байсан ч сүүлийн мөчид Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамасаас суллагдах хүмүүсийн нэрийг өгөөгүй гэдгээр хойшлуулж Газын зурвас руу агаарын дайралтыг үргэлжлүүлсээр байсан.

Улмаар Hамасын тал эхний ээлжинд суллагдах 3 эмэгтэйн нэрийг өгснөөр 3 цаг орчмын дараа буюу 11:19 цагаас хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.

Үүнээс 6 цагийн дараа 24, 31, 28 настай гурван эмэгтэйг Хамас талаас Израилд хүлээлгэж өглөө.

Энэ удаагийн солилцоо нь гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээр нөхцөлд ойрын 6 долоо хоногийн туршид явагдаж нийт 33 барьцааны хүнийг Израилын шоронгууд дахь 1900-д палестин хоригдлоор солилцох хэд хэдэн удаагийн үйл ажиллагааны эхнийх нь юм.

Израилын эрх баригчдын үзэж байгаагаар, Газын зурваст барьцаанд нийт 97 хүн байх ёстой ч хэдэн 10 нь амь үрэгдсэн байж болзошгүй байгаа юм.

Энэ зуур Газын зурвасын иргэд 470 хоногийн дайнд нурж сүйдсэн голдуу гэр орондоо эргэн очиж байна. 

Газын зурвасын дүрвэгч "Цус урсгасан дайн зогссонд ямар их баяртай байгаагаа үгээр хэлэх ч  аргагүй байна. Юутай ч бид гэртээ ирлээ. Гэвч энд нуранги сүйдлээс өөр юу ч алга. Ийм үед юу хэлэхээ мэдэхгүй байна" гэж ярьжээ. 

2023 оны 10 дугаар сарын 7-ноос хойш Газын зурваст 160 мянга гаруй барилга байшин нурж сүйдсэн. 46600 гаруй палестинчууд амь үрэгдэж, 110 мянга гаруй нь шархдаж, бэртсэнийг Газын эрүүл мэндийн албаныхан мэдээлж байгаа юм.

Энэ зуур гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлээд 15 дахь минутаас нь НҮБ болон бусад ОУ хүмүүнлэгийн байгууллагууд Газын зурваст тусламж хүргэж эхэлсэн байна.

Тариалан, дэд бүтэц гээд бүрэн сүйдсэн Газын зурвас руу хоногт 600 машин тусламж нэвтрүүлэх тохироог гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд хийжээ.

3Дэлхийн хүнсний хөтөлбөр3 байгууллагын Палестины салбарын захирал Антуан Ренард "Хүнс, бусад тусламжийн цуваа энд байна. Одоо бид хүнсний хямралд өртсөн 1.1 сая хүнд шаардлагатай тусламж үзүүлж чадна гэж бодож байна. Сая боомтоос нааш гарч ирэх замд дээрэм тонуул гарсангүй. Ирэх өдрүүд, долоо хоногуудын туршид мөн энэ чигээрээ аюулгүй байгаасай. Тэгвэл манай ажилтнууд, мөн иргэд ч аюулгүй байна. Хүмүүс очихыг хүссэн газраа очиж, бид харин дайн бүрмөсөн зогстол тэднийг хаа байгаа газарт нь шаардлагатай тусламжаа үзүүлж ажиллана" гэлээ. 

Энэ зуур Хамасын цэргийн жигүүр Аль Кассам бригадын төлөөлөгч гал зогсоох хэлэлцээр, мөн барьцааны хүмүүс солилцох ажиллагааг ёсчлон дагаж биелүүлэх амлалтыг видео бичлэгт мэдэгдлээр өгсөн.

Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гал зогсоох хэлэлцээр хэрэгжихийн өмнө мэдэгдэл хийж, Израил хэзээ л бол хэзээ цэргийн ажиллагааг сэргээхэд бэлэн гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газад 15 сар үргэлжилсэн дайны гал намжиж, барьцааны эхний 3 хүнийг солилцлоо   
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй