Шууд Chart

Дональд Трампын тангараг өргөх ёслол өнөөдөр болно

2025-01-20 17:01:13

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөж албан тушаалдаа орох ёслол өнөөдөр болно.

Манай цагаар өнөө шөнийн 01 цагт болох энэ ёслолыг гүйцэлдүүлж, хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйгаа Трамп түүхэнд байгаагүй олон зарлиг батлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь бас нэг шуугиан тарьсан мэдээлэл болж байна.

Зарим хэвлэлийн мэдээгээр, 200 гаруй тусгай тушаал баталж болзошгүй. Энэ хүрээнд бичиг баримтгүй хууль бус цагаачдыг албадан гаргах түүхэнд хамгийн том ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдсэн, мөн ХОУ-ныг дэмжих, Засгийн газрын үр ашигтай ажиллагааг хангах яам байгуулах зэрэг тусгай тушаалууд дурдагдаж байна.

Өдгөө 78 нас 7 сартай Трамп Ерөнхийлөгч АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай Ерөнхийлөгчийн албанд орж байгаа хүн болж мөн түүхэнд орж байгаа. Мөн цаг агаар эрс хүйтэрч, жаварлаг салхитай байх төлөвөөс үүдэж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг сүүлийн 40 жилд анх удаа дотор буюу Капитолийн ордны гол танхимд явуулахаар болсон.

Өчигдөр тэрбээр 20000 хүний багтаамжтай, Вашингтоны "Capital One Arena"-д өөрийн дэмжигчидтэй уулзалт хийсэн.

Энд нэг цагийн туршид хэлсэн үгэндээ Бүгд найрамдахчуудын удирдагч Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглан хууль бус цагаачдыг албадан гаргах, “Америк нэгт” гэдэг урианыхаа хүрээнд эрчим хүчний шинэ бодлого хэрэгжүүлж, байгаль орчны зохицуулалтыг бууруулах зэрэг өргөн хүрээний асуудлаар дангаар тушаал шийдвэр гаргахаа мэдэгдсэн.

Жо Байдений засаг захиргааны гаргасан хэт туйлширсан, ухаалаг бус зарлиг тушаалуудыг би тангараг өргөснийхөө дараах хэдхэн цагт багтан цуцална гэж мэдэгдсэн Трамп түүхэн хурдаар ажиллаж, АНУ-д тулгамдсан асуудал нэг бүрийг шийднэ гэж амлажээ. Үүнтэй холбоотойгоор албанаас бууж байгаа Ерөнхийлөгч Жо Байдений үед баталсан үр хөндүүлэх эрх, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, бэлгийн өөр чиг хандлагыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон шийдвэр цуцлагдах эрсдэл либерал улстөрчдийн санааг зовоож байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трампын тангараг өргөх ёслол өнөөдөр болно  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй