Шууд Chart

Европын комисс: Бүтцийн өөрчлөлт хийгдсэн ч Европын холбооны нөлөө дэлхийд буурахгүй

2025-01-20 17:15:43

Европын комисс төсөв хөрөнгө хэмнэх хүрээндээ дэлхий даяарх төлөөлөгчийн газруудаа цөөлөх төлөвлөгөө нь одоогоор эцэслэн батлагдаагүй гэж мэдэгдэж байна.

Европын комиссын олон улсын хамтын ажиллагааны Ерөнхий газар салбар төвийнхөө тоог 100-аас 18 болгож цөөрүүлж томоохон цомтгол хийж магадгүй нь гэдэг мэдээлэл баасан гарагт "Евроньюз" зэрэг хэвлэлийнхний сонорт хүрсэн.

Брюссел харин энэ төлөвлөгөөг судлах шатанд яваа, албажаагүй гэж мэдэгджээ.

Тухайлбал, Европын комиссын Хэвлэлийн төлөөлөгч Анитта Хиппер энэ тухайд “Европын комисст асуудал хэлцэгдэж байгаа, эцсийн шийдвэр одоогоор батлагдаагүй” гэж мэдээлжээ.

Бусад эх сурвалжийн хэлж байгаагаар бол одоо 100 байгаа Европын холбооны салбар төвүүдийн тоог 80 гаруйг цөөлснөөр үлдэх 18 төв нь Африк, Ази, Өмнөд Америк, Карибын орнуудад, тэр дундаа Сенегал, Гана, Этиоп зэрэг шилжилт хөдөлгөөний зохицуулалт илүүтэй шаарддаг улс орнуудад үлдэж магадгүй юм байна.

Европын комиссын олон улсын хамтын ажиллагааны Ерөнхий газар нь ядуурлыг бууруулах зорилгоор хөгжиж байгаа орнуудын тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэх зорилттой ажилладаг Европын холбооны олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлогыг эрхэлдэг.

Энэ хүрээндээ тухайлбал, "Global Gateway" зэрэг санаачилгыг эрхлэн ажиллуулдаг. Мөн Европын холбооны өөрийн эрх ашиг, түнш орнуудынхаа хэрэгцээ шаардлагыг харгалзахын хамтаар дэлхийн эдийн засгийг урт хугацаанд сэргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгод 300 хүртэл тэрбум еврогийн хөрөнгө оруулалт дайчлах зорилттой ажилладаг. Гэвч одоо хэлцэгдэж байгаа бүтцийн өөрчлөлт явагдах нөхцөлд Европын холбооны дэлхий дэх нөлөө сулрахгүй гэж Европын комисс үзэж буй юм байна.

Гадаад улс орнууд дахь Европын холбооны төлөөлөгчийн газруудыг шаардлагатай хэмжээнд хэвээр үлдээж, гагцхүү улстөр, эдийн засгийн бодит нөхцөлийг харгалзсан өөрчлөлтүүд хийгдэнэ гэж Европын комиссын Хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын комисс: Бүтцийн өөрчлөлт хийгдсэн ч Европын холбооны нөлөө дэлхийд буурахгүй   
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй