ОХУ Японы төвүүдийн асуудлаар Японы Засгийн газартай байгуулсан санамж бичгүүдийн үйлчлэлийг зогсоохоор шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд Михаил Мишустины холбогдох тушаалаас иш татан Орос, Японы хэвлэлүүд энэ тухай мэдээлсэн байна.
Япон хэлний сургалт зэрэг үйл ажиллагаа явуулдаг ийм төвүүдийг анх 1994-2001 оны хооронд хоёр улсын найрамдлын бэлгэдэл болгож байгуулж байсныг Японы ГХЯ Оросын шийдвэртэй холбогдуулж дурджээ.
Мөн энэ төвүүдийг хаахаар болбол 2022 оны 2 сараас хойш хүйтэрсэн хоёр улсын харилцаа улам муудаж байгаагийн бас нэг дохио болохыг хэвлэлүүд тэмдэглэж байна.
Оросын талаас хэрэгжилтийг нь зогсоохоо мэдэгдсэн санамж бичгүүдийн тухайд, Орос-Японы Засгийн газар хооронд 2000 онд Токиод, 2003 онд Владивосток хотод байгуулсан, зах зээлийн шинэчлэлд техник туслалцаа үзүүлж, үйлдвэр аж ахуйн газар, бизнесийн удирдагчид, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Японы төвүүдийг Орост байгуулж ажиллуулах тухай баримт бичгүүд юм байна.
Оросын Засгийн газрын дээрх шийдвэрээс үүдэж Орос дахь ийм төвүүд үйл ажиллагаа түдгэлзүүлэхээс аргагүйд хүрч байгаад холбогдуулж Москва дахь Японы ЭСЯ иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг Японы төвүүдийн үйл ажиллагааг зогсоох энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Цаашдын арга хэмжээг авч үзэх болно гэж мэдэгджээ.
Японы Гадаад хэргийн яамны мэдээгээр бизнесийн удирдлага, Япон хэлний сургалт дамжаа зэрэг үйл ажиллагаа явуулж, Оросын зах зээлийн эдийн засгийн шинэчлэлд тус дөхөм үзүүлэх боловсон хүчнийг сургаж бэлтгэдэг ийм төвүүдийн толгой бүтэц нь Москва хотод Москвагийн их сургуулийн дэргэд байдаг бол, Владивосток, Доод Новгород, Хабаровск, Сахалин гэсэн өөр 5 хотод байдаг юм байна.
Эдгээрт сургалт, лекц, семинарууд зохион байгуулагдаж, чадварлаг нэгнийг нь Японд дадлага хийлгэх зэргээр цаашид Япон-Оросын эдийн засгийн харилцааны салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн гэдгийг "ТАСС"-ын энэ тухай мэдээлэлд дурдсан байна.
NHK-ийн мэдээлж байгаагаар, Японы Засгийн газраас санхүүжиж, Орос дахь ЭСЯ-дын дэмжлэгтэй ажилладаг ийм төвүүд 2022 онд Украинд Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш эдгээр төв Японы бизнесийнхэнд туслах, Япон хэлний сургалтаас бусад үйл ажиллагаагаа хязгаарлаад байжээ.
ОХУ Японы төвүүдтэй холбоотой санамж бичгүүдийг түдгэлзүүлжээ | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.