Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр видео холбоосоор холбогдож ярьсан байна. АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трамп албандаа орж, Хятад-Оросын удирдагчид дор бүрдээ харилцаагаа нийцүүлэхээр зэхэж байгаа үедээ энэ видео уулзалтыг хийснийг олон улсад онцолж байна. Путин, Ши Жиньпин нар энэ үеэр хоёр улсын нийтлэг зорилтууд, мөн хувийн сайн харилцаагаа онцлон тэмдэглэж байжээ.
Оросын Ерөнхийлөгч Путин тухайлбал, Орос-Хятадын харилцаа дотоод улстөрийн хүчин зүйлс, одоогийн олон улстөрийн орчноос үл хамааран нийтлэг эрх ашиг, тэгш байдал, харилцан ашигтай байдалд суурилсан гэдгийг онцолж байжээ. Мөн хоёр улс хамтдаа олон туйлт дэлхий ертөнцийг хөгжүүлж, Евразийн бүс нутаг, дэлхий дахинд нэгдмэл аюулгүй байдал бий болгохын төлөө ажилладаг, хоёр улсын энэ хамтын хүчин чармайлт дэлхий олон улсын асуудалд чухал тогтворжуулагч үүрэг гүйцэтгэгч байгаа гэдгийг мөн цохон хэлсэн байна. Хятад улсын дарга Москва, Бээжингийн ойр нягт хамтын ажиллагааг тэмдэглэж, дэлхий дахины тогтолцоог шинэчилж хөгжүүлэхэд энэ харилцаа нь эерэг үр нөлөөтэй гэдгийг дурджээ.
Тухайлбал, Хятадын удирдагч энэ үеэр хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн чухлыг онцолж, Хятад улс энэ 2025 онд ШХАБ-ыг даргалагчийн хувиар Орос болон бусад гишүүн улстай энэ байгууллагын үүрэг чадавхыг илүү бэхжүүлэх, БРИКС-ийг улам өргөжүүлж хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ. Төрийн тэргүүн нар бас олон улс бүс нутгийн асуудлаар санал солилцож, зохих чиглэлүүдээр стратегийн хэлхээ холбоотой ажиллахаа мэдэгдлээ гэж хятад болон оросын хэвлэлүүд уламжилж байна. Үүний зэрэгцээ Орос, Хятадын харилцаа, 2022 онд Орос Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлсэн цагаас хойш улам ч ойртон нягтарсан, энэ хүрээнд тухайлбал Хятад улс Оросын нефть байгалийн хийн томоохон худалдан авагч болсны зэрэгцээ Москвагийн эсрэг барууны хориг арга хэмжээний нөхцөлд технологийн гол эх үүсвэр болсон гэдгийг ажиглагч тоймчид хэлж байна.
Мөн Орос-Хятадын удирдагчдын энэ цахим уулзалт Украины дайныг хурдан дуусгахын төлөө ажиллахаа амлаж, мөн Путинтай уулзах бодолтой байгаагаа илэрхийлсэн Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгч албандаа орсны маргааш болсныг хэвлэлүүд дурдаж байна. Вашингтонтой яриа хэлэлцээнд нээлттэй гэдгээ Бээжингийн талаас ч мөн ойлгуулсан. Хятад улсын дарга Ши Жиньпин Д.Трампын тангараг өргөх ёслолын урилгад өөрийн тусгай төлөөлөгчөөр Хятад улсын дэд дарга Хан Жэнийг илгээсэн.
Энэ дашрамд дурдахад, Трамп албандаа орсныхоо дараа хэвлэлийнхэнтэй уулзахдаа, Оросын Ерөнхийлөгчийг Украины дайны асуудлаар тохиролцохоос татгалзах нөхцөлд Орос орныг илүү хүнд байдалд оруулна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярив | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.