Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо, мөн нефтиэр баян Альберта мужийн захирагч Даниэл Смит нар ирэх 2 сарын 1-нээс канадын бараанд 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн Трампын бодлогыг сөрөх арга замуудын талаар ярьсан байна. Эрчим хүчний супер гүрэн Канад улсад, Трампын улам хүчирхэг болгоно гэж амлаж байгаа Америкийн эдийн засагт зайлшгүй хэрэгцээтэй газрын тос, чухал эрдэс металлын нөөц хангалттай их байгаа нь энд давуу тал болно гэж тэд үзэж байна.
Харин Канадын үйлдвэрлэл, автомашины төв Онтарио мужийн ерөнхий сайд Даг Форд худалдааны дайн зайлшгүй боллоо, Трамп Канад улсад эдийн засгийн дайн зарлалаа гэж ассошиэйтед прессд ярьсан байна. Мөн тэрээр улсынхаа эдийн засгийг хамгаалах арга хэрэгслүүдээ бүрэн дайчлах болно гэж мэдэгджээ. Ерөнхий сайд Трюдо мөн Канад улс шаардлагатай хариу арга хэмжээг авах болно гэсний зэрэгцээ Дональд Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд мөн Канад улсад ийм асуудалтай тулгарч байсан боловч чөлөөт худалдааны хэлэлцээрээр амжилттай зохицуулж чадсаныг дурджээ. Онтарио мужийн захирагчийн тухайд, Трампыг шинэ татварын хэмжээг баталсан даруйд мужийнхаа архи согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавьдаг төв байгууллагад америкийн үйлдвэрийн бүх архи, спиртийн төрлийн ундааг лангуунаас хураах тушаал өгнө гэж ярьсан байна.
Ингэхдээ Канад улс архи, спиртийн төрлийн ундааны дэлхийд хамгийн том худалдан авагч улс гэдгийг дурдаад, америкийн БН-чуудын хяналтан дахь бүс нутгуудыг гол онилохоо мэдэгдэж, Канад хохирвол Америк мөн адил хохирно, ижил нөхцөлд орох бусад улс бүс нутгийг ч мөн адил тактикаар ажиллах хэрэгтэй гэж уриалжээ. АНУ-ын ерөнхийлөгч Трамп тангараг өргөх мэдэгдэлдээ худалдааны татвар ногдуулна гэдэг байр сууриа дахин илэрхийлсэн бол, дараа нь хэлсэн үгэндээ Канад, Мексик улсууд 2 сарын 1-нээс татварт өртөж болзошгүй гэж ярьсан. Гэсэн хэдий ч худалдааны сайдын зөвшөөрлөөр баталдаг тайланг 4 сарын 1-нээр гаргуулах зарлигт гарын үсэг зурсныг хэвлэлүүд дурдаж байна.
Үүнээс гадна Трамп 2 сарын 1-нээс Канад, Мексик улсуудын бараанд тогтоох бодолтой байгаа 25 хувийн татвар нь 3 улс хооронд одоо үйлчилж байгаа худалдааны хэлэлцээрийг эргэн харахтай ямар ч холбоогүй.
Шинээр ногдуулах татвар нь хууль бус цагаачлал, аливаа хориотой мансууруулах бодисын асар их урсгалыг хаахад чиглэсэн гэж өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна. Энд дурдахад, АНУ-ын нийт түүхий нефтийнхээ 60 орчим хувийг Канадаас авдаг. Мөн Пентагоны нэн шаардлагатай гэж тооцдог 34 төрлийн чухал минерал болон металлын нөөц хойд хөршид нь байдаг. Мөн ган, хөнгөн цагаан, ураны хамгийн том нийлүүлэгч нь юм байна. Канад, Америкийн хилээр хоногт 2,7 тэрбум ам.долларын бараа үйлчилгээ хийгддэг, Америкийн 36 муж улсын экспортын үндсэн чиглэл нь Канадад байдаг гэдгийг ассошиэйтед прессийн мэдээнд дурдсан байна.
Канадын эрх баригчид АНУ-ын тогтоох худалдааны татварыг сөрөх байр суурь илэрхийлэв | ||
Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.