Йемений хусит босогчдын үйл ажиллагааны уршгаар өнгөрсөн 2024 онд дэлхийн худалдаанд 200 тэрбум орчим ам.долларын хохирол учирсан тооцоо гарсан байна. Йемений хуситуудын халдлага дайралтын улмаас Африк болон Арабын хойгийг тусгаарладаг Улаан тэнгисээр дамждаг худалдааны зам хаагдсанаас дэлхийн усан тээврийн зардал 5 дахин өссөнийг The Economist сэтгүүлд мөн онцолсон байна.
Энэ байдлаас үүдэж Суэцийн сувгаас олдог орлогынхоо 7 тэрбум доллар буюу ердийн үед ордог орлогынхоо 3/1 орчмыг алдсан Египет улс хамгийн их алдагдал хүлээжээ. Газын зурваст Израил, Хамасын мөргөлдөөн эхэлсэн цагаас иемений хусит босогчдын зүгээс Израил руу пуужин харвахаас гадна Улаан тэнгист зорчиж байгаа ганц Израилаар зогсохгүй бусад улсын хөлөг онгоцуудад халдах болсон. Их Британи зэрэг холбоотон орнуудын хамтаар Улаан тэнгисийн ачаа тээврийн замыг хамгаалахад АНУ 5 тэрбум доллар зарцуулжээ.
Хуситуудын халдлага дайралтаас болгоомжилж бараг бүх хөлөг онгоц Улаан тэнгисийг тойрч зорчих болсноос Азиас Европ, Ойрх Дорнод, Хойд Африк орох зам бараг 6000 км уртсаж аяллын хугацаа мөн 10-14 хоногоор сунжрах болжээ. Ингэж хол замыг удаан хугацаанд туулах болсноор түлшний зардал мөн эрс ихсэж, нэг удаагийн аяллын өртөг гэхэд 1 сая орчим доллароор нэмэгдсэнийг америкийн тагнуулын мэдээ сэлт харуулж байгаа юм байна. Мөн Улаан тэнгисээр тээвэрлэлт хийх үеийн даатгалын үнэ өртөг 20 дахин нэмэгдсэнийг эх сурвалжууд The Economist-д ярьжээ.
Үүний зэрэгцээ Орос, Хятад улсуудын хөлөг онгоцуудыг хуситууд хөндөхгүй байгаа учраас энэ 2 улсад хавьгүй ашигтай байгаа. Мөн одоо Суэцийн сувгаар тээвэрлэгдэж байгаа нефтийн ихэнх нь Оросынх байгаа гэж энд бичсэн байгаа юм байна. Үүний зэрэгцээ хөлөг онгоц тээврийн компаниудын ашиг орлого мөн нэмэгдсэн дүнтэй байна. Тэрчлэн Улаан тэнгис ийнхүү гэнэтийн байдлаар бараг бүслэлтийн нөхцөлд орсон үед дэлхийн хангамж нийлүүлэлтийн сүлжээ ерөнхийдөө даван туулах чадавхтай нь харагдлаа гэж энэ нийтлэлд мэдээлжээ.
Ийм маягаар Йемений хусит босогчид буюу Ансар аллах бүлэглэл болон Америк-Британий эвсэл хооронд 2024 оноос хурцадсан одоогийн хямрал энэ онд ч мөн үргэлжилж, улам их хор хохирол дагуулж болзошгүйг ажиглагчид тэмдэглэж байна.
Йемений хуситууд дэлхийн худалдаанд 200 тэрбум долларын хохирол учруулсан | ||
Үзсэн: 426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.