Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн талаар явуулах аливаа бодлого, үйл ажиллагаандаа юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулж, хүүхдийн эрх, хамгааллын үндсэн зарчмуудын хэрэгжилтийг хангах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлох зорилгоор "Хүүхдийн эрхийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга болон “Хүүхэд хамгааллын тухай" хуулийн төслийг боловсруулан үзэл баримтлалыг батлуулаад байгаа билээ.
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орсноос хойш манай улс конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийг дөрвөн удаа НҮБ-т хүргүүлсэн байгаа юм. Харин тав дахь илтгэлийг боловсруулан хүргүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 178 дугаар захирамж гарган, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийг боловсруулж хугацаанд нь өргөн барихыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан. Уг захирамжийг үндэслэн ХАХНХ-ын Сайд холбогдох тушаал гаргаж Үндэсний тайлан боловсруулах ажлын хэсгийг байгуулан дээрх тайлан илтгэлийг зохих удирдамжийн дагуу боловсруулах салбар дундын Ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсгийг ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал ахлаж, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа дэд даргаар, ХТҮГ-ын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нарийн бичгийн даргаар 67 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Харин өчигдөр ажлын хэсгийн санаачилгаар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаар тавдугаар тайлан илтгэлийн төслийг хэлэлцэх, сайжруулах засах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ингэснээр Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаар тавдугаар тайлан илтгэлд дутуу орхигдсон болон хангалтгүй түвшинд боловсруулагдсан зарим асуудлын мэдээллийг нэмэлтээр оруулж, Үндэсний илтгэлийг бүрэн боловсруулах юм.
Хүүхдийн эрхийн тухай үндэсний илтгэлийг Засгийн газарт өргөн барихын өмнө оролцогч талуудын санал бодлыг сонсож, боловсруулалтад шаардлагатай мэдээллийг нэмж оруулах, талуудын саналыг нэгтгэх зэрэг ач холбогдолтой байснаараа өнөөдрийн хэлэлцүүлэг уулзалт онцлог болсон гэж холбогдох албаныхан дүгнэж байна.
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.