Шууд Chart

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

2014-09-12 08:30:49

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Монгол Улсаас Гүрж Улс, Бүгд Найрамдах Армян Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд нарыг тус тус томилжээ.

Мөн Хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Үүгээр Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах хоёр дахь шатны хөтөлбөрийг баталсан байна. Тогтоолд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлийг тодорхойлсны хамт соёлын өвийн бүртгэл, мэдээллийг дамжуулах, хүлээн авах, баяжуулах үйл ажиллагааг тоон системд оруулан, бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоог боловсронгуй болгох замаар соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлыг хангахад хөтөлбөрийн зорилго оршиж байна гэжээ.
 
Үүнээс гадна хөтөлбөр түүнд тусгагдсан зорилго, зорилтуудыг ямар арга замаар хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хамрах хүрээг зааж өгсөн байна.Тухайлбал, байгууллага дахь бүртгэл, мэдээллийн 18 сан, сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн 340 сан зэрэг сан хөтөлбөрт хамрагдах ажээ. Хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт, хүрэх үр дүн, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт ямар байхыг тогтоож өгсөн байна.
 
Түүнчлэн Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах хоёр дахь шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд соёлын өвийн бүртгэлийн программ хангамжийг шинэчлэн сайжруулах, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, санд программ хангамж суурилуулах, нэгдсэн сүлжээнд холбох, сангийн чадавхийг дээшлүүлэх, санг хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагатай холбох зорилтуудын хүрээнд авах арга хэмжээг тодорхой тусгасан байна. Мөн эмхэтгэлд Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй