Шууд Chart

Саудын Араб улс АНУ-д 600 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ

2025-01-25 10:27:21

Саудын Арабын улс ирэх дөрвөн жилд АНУ-д 600 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж тус улсын Угсаа залгамжлах хунтайж мэдэгдсэн байна. Анх 2017 онд АНУ-ын ерөнхийлөгч болсныхоо дараа тогтсон заншлыг эвдэж эхний гадаад айлчлалаа Саудын Араб улсад хийж байсан Дональд Трамп энэ удаа ч бас ийм боломжийг авч үзэхээ илэрхийлж, тэхдээ Саудын Араб улс худалдан авалтаа өсгөх нөхцөлд ийм боломжтой гэдэг байр суурийг даваа гарагт албандаа орсныхоо дараа илэрхийлж байсан. Үүний дараахан Саудын Араб ийнхүү 600 тэрбумын хөрөнгө оруулалт амласныг хэвлэлүүд онцолж байна.

Саудын Араб АНУ-тай хөрөнгө оруулалт, худалдаагаа ирэх 4 жилд 600 тэрбум, магадгүй түүнээс ч илүүгээр өргөжүүлэх боломжтойг угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман Трамптай утсаар ярихдаа мэдэгдсэнийг төрийн мэдлийн “Сауди Пресс” агентлаг уламжилсан. Гэхдээ энэ хөрөнгө яг аль салбарт чиглэх талаар дурдаагүй юм байна. АНУ-ын хувьд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцааг олон 10 жилийн туршид тодорхойлж ирсэн саудын нефтийн хамаарлаас улам бүр гарч, харин Саудын Араб эсрэгээрээ Америкийн зэвсэг, батлан хамгаалах үйлдвэрлэлийн системүүдэд гол найдлага тавих болсон байна. Үүний зэрэгцээ хоёр тал хооронд ийм утсан яриа болсон талаар Цагаан ордон мэдээлээгүй, тиймээс ч Трамп Цагаан ордонд эргэж очсоор анхны утсан яриагаа Саудын угсаа залгамжлах хунтайжтай хийсэн үү гэдэг нь бүрэн тодорхойгүй боловч ямартай ч одоогоор мэдэгдэж байгаа улс хоорондын яриа нь энэ болж байна.

Түүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч нар албандаа ороод гадаад айлчлалаа ямагт Их Британиас эхлүүлдэг байсан уламжлалыг  Трамп 2017 онд Саудын Араб улсад айлчилснаар  эвдсэн байдаг. Даваа гарагт тэрээр энэ тухайгаа дурсаж гадаад айлчлалыг голдуу Их Британиас эхлүүлдэг боловч өнгөрсөн удаад би Саудын Араб улсад очиж байсан. Яагаад гэвэл тус улс манайхаас 450 тэрбумын худалдан авалт хийхээр зөвшөөрсөн юм. Одоо тус улс инфляцыг оруулж тооцоод 450 эсвэл 500 тэрбумын худалдан авалт хийнэ гэвэл би дахиад ч очих байх” гэж ярьсан юм байна.

Саудын Арабын Хаант улсын тухайд Байдений засаг захиргаатай Израилыг хүлээн зөвшөөрөх дипломатын илүү өргөн хүрээтэй хэлцлийн хариуд АНУ-ын батлан хамгаалах болон бусад талын дэмжлэгийг авахаар олон жилийн туршид хэлэлцээ хийж иржээ. Үүнээс гадна зарим улсын ДНБ-ий хэмжээнээс ч давсан 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалтыг Саудын Араб өөрөө төсвийн хүндрэлтэй байгаа үедээ хийж таарсныг хэвлэлүүд мөн дурдаж байна.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ цар тахлаас хойш хэдэн жил өнгөрсөн хэдий ч доогуур үнэ ханштай байгаа нь тус хаант улсын ашиг орлогод нөлөөлж байгаа. Дээрээс нь Мухаммед хунтайж Саудын Арабын баруун хойд талын Неом хот дахь 500 тэрбумын өртөгтэй барилгын төслөө бас үргэлжлүүлэх ёстой. 2034 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ээс өмнө энд дахиад шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүд, дэд бүтцүүд барих шаардлагатай байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб улс АНУ-д 600 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй