Германы консерватив бүлгээс Холбооны канцлерт нэр дэвшиж байгаа Фридрих Мерц ирэх сонгуулиар сонгогдох нөхцөлд хууль бус цагаачдын эсрэг тэмцлийг чангатгахаа амлаж байна. Өнгөрөгч Лхагва гарагт Баварын Ашаффенбург хотод Афганистаны гаралтай этгээд хүйтэн зэвсгээр халдлага үйлдэж, 2 хүний аминд хүрч, 3 хүнийг гэмтээсэн хэрэг явдлаас үүдэн Германы улстөрд ийнхүү, тэртэй тэргүй хурцадмал сэдэв болсон цагаач дүрвэгсдийн асуудал дахин анхаарлын төвд ороод байна.
Ирэх 2 сард Германд болох Холбооны ээлжит бус сонгуульд ХНХ/ХАХ бүлгээс канцлерт нэр дэвшиж байгаа Фридрих Мерц энэ хүрээнд тухайлбал, зохих бичиг баримтгүй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхийг хориглож, цагаач дүрвэгчдийг албадан нутаг буцаах ажлыг эрчимжүүлэх бодлого барьж ажиллахаа мэдэгдсэн байна. Тэрээр Мангейм, Магдебург, Ашаффенбургт үйлдэгдсэн энэ мэт хэргүүд Германы ердийн үзэгдэл болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Цагаач дүрвэгчдийг орогнуулах, дүрвэгчдийн бодлого эх толгойгоо алдсан байна гэж ярьсан байна. Ирэх 2 сарын 23-нд болох Германы Холбооны ээлжит бус сонгуулийн босгон дээр ийнхүү сөрөг хүчний намууд байр сууриа ахиулахаар чармайж байгаа бол, одоогийн эрх баригч Социал демократ нам тэргүүтэй эвсэл харин, сая болсон гэмт халдлагын гэм бурууг хэрэг гарсан Бавари мужийн хууль сахиулах байгууллагуудад тохож байгаа юм. Учир нь албадан нутаг буцаагдах цагаачдын жагсаалтад хэдийн нэр орсон байсан афган иргэнд зохих хяналт тавьж, хууль ёсыг сахиулахаар хангалттай ажиллаагүй нь илт байна гэж канцлер Олаф Шольц Эрфурт хотод болсон сонгуулийн уулзалт дээрээ мэдэгджээ.
Сонгуулийн босгон дээрх олон нийтийн санал асуулгуудаар, одоогийн канцлер Олаф Шольц болон эрх баригч эвсэлд багтаж байгаа ногоон нам болон Чөлөөт ардчилсан намын нэр хүнд буурсан үзүүлэлттэй. Харин сөрөг хүчний консерватив үзэлт ХАХ/ХНХ бүлгийн намууд рейтингээрээ тэргүүлж ард нь хэт барууны үзэлт “Германы альтернатив” нам орж байгаа юм байна. Мерцийн цагаачдын асуудлаарх мэдэгдлийг хэт барууны үзэлт “Германы Альтернатив” нам дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ намын дарга, мөн канцлерт нэр дэвшигч Алис Вайдел ч бас хил хязгаараа хааж, бүх хууль бус цагаачдыг албадан гаргаж, дахин хүний амь зүй бусаар эрсдэх явдал гаргуулахгүй байхад уриалжээ. Гэхдээ ирэх сонгуулиар хангалттай олонх бүрдэхгүй нөхцөлд Германы аль ч нам хэт барууны үзэлтнүүдтэй эвсэл байгуулахгүй гэдэг байр сууриа хадгалж байгаа юм.
ХБНГУ-ын канцлерт нэр дэвшигч Фридрих Мерц цагаачлалын бодлогыг чангатгахаа амлав | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.