Шууд Chart

Лос-Анжелест түймэр дахин тархаж эхэлсэн тул 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ

2025-01-25 11:07:58

АНУ-ын Лос-Анжелес хотын ойролцоо шинэ түймэр дэгдэж эрчимтэй газар авч байгаа талаар хэвлэлүүд уламжилж байна. Кастаик орчмын Хьюз хэмээх газарт дэгдсэн энэ түймрийг гал сөнөөгчид хяналтаасаа алдсанаар өнөөдрийн байдлаар 50 мянган хүнд нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах анхааруулга хүргүүлэн ажиллаж байгаагаа орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна.

Калифорнийн ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах албаны мэдээгээр, Лос-Анжелесийн тойргийн хойд зах Кастаик орчим дахь томоохон түймэр зургаан цагийн дотор 10000 акр газар буюу 38 кв км газрыг хамарснаас пүрэв гарагийн байдлаар 14 орчим хувийг цурамд оруулжээ. Лос-Анжелес, Вентура тойргуудыг хамарсан энэ түймэрт 4000 гаруй гал сөнөөгчид дайчлагдан ажиллаж байгаа юм байна. Сепульведа-д дэгдсэн арай багавтар хэмжээний түймэр өчигдөр Сан-Фернандо хөндий дэх уран зургийн олон үнэт дурсгалууд хадгалагддаг Гетти музейгээс холгүй авто замын дагуух газрыг хамарч шатсанаас хэсэг хугацаанд өндөр ачаалалтай авто замыг хэсэгчилж хааж, ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Калифорнийн өмнөд хэсгээр сүүлийн 9 сарын туршид хур тунадас ороогүйгээс хуурайшилт үүсэж одоогийн гал түймрийн онц аюултай нөхцөл бүрдсэн. Ойрын амралтын өдрүүд, мөн даваа гарагт бага зэрэг бороо орж гал сөнөөгчдөд бага боловч нэмэр болох болов уу гэдэг төлөв гарч байгаа юм байна.

Сүүлийн үед ийнхүү дараалан түймрийн аюулд өртөж байгаа тус хотын хэмжээнд 1 сарын 7-ноос эхэлж Пасифик Палисэйдс, Итон, Алтадена хотуудыг хамран шатсан хэд хэдэн гал түймрийг гал сөнөөгчид бүр мөсөн дарж унтрааж чадсан гэж мэдээлж байна. Эдгээр өргөн хүрээг хамарч 2 долоо хоног орчим үргэлжилсэн түймрийн улмаас 16000 орчим барилга байшин шатаж сүйдэж, 28 хүний амь нас эрсэдсэн байна. Өнөөдрийн байдлаар түймэр дэгдсэн нөхцөл шалтгааныг мөрдөн шалгах ажил явагдаж байгаа юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албандаа орсныхоо маргааш хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Калифорнийн ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагааг эрс шүүмжилж, усны нөөцийн удирдлагын тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ муж улсад олгодог холбооны санхүүжилтийг зогсоож болзошгүй гэж ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лос-Анжелест түймэр дахин тархаж эхэлсэн тул 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй