Шууд Chart

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа ирэх бямба гарагт эхэлнэ

2025-01-28 12:56:27

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Түрээсийн лангуунууд нэг сар үнэ төлбөргүй

 

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажил 90 хувьтай явагдаж байна. Орон нутгаас 20 хувь нь ирж оролцож байгаа. Ерөнхийдөө  мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцоно. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хүрээнд сүүлийн гурван жил уламжлал болгон зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдааны нэг онцлог нь хувь хүмүүс болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчлах зорилготойгоор ямар ч түрээсийн төлбөргүй талбайг худалдаа эрхлэгчдэд санал болгодог байгаа.

Тиймээс бусад үзэсгэлэн худалдаа болж байгаа газруудаас хамгийн хямд үнийг үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид маань санал болгодог. Иргэд гарын бэлэг, бусад зүйлсийг сонгохдоо ихэвчлэн импортын бараа, бүтээгдэхүүн сонгодог. Харин тус үзэсгэлэн худалдааг зорин очсоноор үндэсний үйлдвэрлэгчдийн ур хийц, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдэл хөлсгүйгээр авах боломжтой.

Монгол Улсын хэмжээнд сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг Хятад руу валют болж гардаг тооцоолол байдаг. Тэгвэл 2023 онд "Амар байна уу" үзэсгэлэнгээр 40 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн 2024 онд 51.8 тэрбум төгрөгийн орлогыг жижиг дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид олсон статистик гарсан. Тиймээс иргэд маань импортын бараа бүтээгдэхүүнийг цагаан сарын бэлэг болон бусад хэрэглээндээ сонгохоос илүүтэй үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийг хүсч байна. 

Энэ үзэсгэлэн худалдаа хотын А бүсэд болж байгаа. Түрээсийн лангуунууд нэг сар үнэ төлбөргүй. Дотооддоо үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэл шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, хүргэх зорилготой өргөтгөсөн худалдаанд есөн дүүрэг, 21 аймгийн худалдаа эрхлэгчид оролцоно.

 

“Амар байна уу" цогц үзэсгэлэн худалдаа өдөр бүр соёл урлагийн хөтөлбөртэй

 

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-аюуш “Нийслэлийн Засаг даргын захирамжаар уламлжлал болгон зохион байгуулдаг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны "Амар байна уу" цогц үзэсгэлэн худалдаа  хоёрдугаар  сарын 1-27-нд болох бөгөөд өдөр бүр соёл урлагийн хөтөлбөртэй. Бид 2024 оноос зохион байгуулалтад хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ жилийн тухайд нийслэлийн соёл урлагийн газрын харьяа 11 байгууллага, 220 гаруй уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд соёл урлагийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн.

Сар шинийн баяр гэдэг зөвхөн мэндэлж, хүндэлж, уулзаж, учраад өнгөрөх баяр биш. Төрт ёсны баяр гэдэг утгаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, таниулах зэрэг ач холбогдолтой.  Хоёрдугаар сарын 1-нд 11:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ. Улаанбаатар театр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн бусад өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн соёлын ордон оролцож байгаа. Дээрх уран бүтээлчдээс гадна энэ цагийн шилдэг соёлын уран бүтээлч, соёлын өв тээгч, судлаачдыг хөтөлбөрийн хүрээнд урьж оролцуулна.

 Үзэсгэлэнгийн хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчид эргүүл хийнэ

 

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Цагдаагийн байгууллага  “Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог. Гэмт хэргээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа хувь хүн болон аж ахуйн нэгжүүд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлд нь хамтарч ажиллана. Мөн камерын хяналтыг сайн  хангаж байгаа.  Мөн үзэсгэлэн хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчид  эргүүл хийнэ. Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр энгийн хувцастай алба хаагчид эргүүл хийнэ.

Өнгөрсөн жил халаасны хулгай гэмт хэрэг гарч байсан. Иймээс энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Мөн олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг тухай цаг бүрд нь хүргэнэ. Үзэсгэлэн худалдаа оролцож байгаа иргэд  аж ахуйн нэгж болон үйлчлүүлж байгаа иргэд гэмт хэргийн зөрчил болон халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байх хэрэгтэй” гэв

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа ирэх бямба гарагт эхэлнэ  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй