Шууд Chart

Дани Улс Арктикийн бүс нутгаа батлан хамгаалахад хоёр тэрбум ам.доллар зарцуулна

2025-01-28 14:48:07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байгалийн асар их баялаг нөөцтэй Гренланд арлыг авах талаар нэг бус удаа яриа дэгдээсэн энэ цаг үед Дани Улс Арктикийн бүс дэх харьяа нутаг дэвсгэрийнхээ хамгаалалт, хяналт ажиглалтыг сайжруулахад анхаарч эхэллээ. Энэ үүднээс тус улс шинээр 3 хөлөг онгоц, нисгэгчгүй онгоцууд, хиймэл дагуулын тоног төхөөрөмж худалдаж авахад 14,6 тэрбум крон буюу 2,05 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт баталсныг Данийн БХЯ-ны сайд Троэльс Лунд Поулсен зарласан талаар DW мэдээлсэн байна.

Троэльс Лунд Поулсен сайдын зарласан хөрөнгө оруулалт нь хамгийн эхнийх нь юм байна. Сүүлийн 10 гаруй жилийн туршид батлан хамгаалахын зардлаа эрс танаж ирсний эцэст ийм хөрөнгө оруулалт хийхээр болж байгааг нь хэвлэлүүд мөн дурдаж байна. Данийн Хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Дани улсын засгийн газар, Фарерийн арлууд болон Гренландын сайд нарын танхим Арктик болон Хойд Атлантик дахь оролцоогоо бэхжүүлэхэд 1,9 тэрбум евро зарцуулахаар тохирсныг Данийн БХЯ мэдээлсэн байна.

Энэ хөрөнгийг Гренландын районд даалгавар биелүүлэх, нисдэг тэрэг болон нисгэгчгүй онгоцууд тээвэрлэх хүчин чадалтай Арктикийн гурван шинэ хөлөг онгоц, алс зай дахь нутаг дэвсгэрт  хяналт явуулах, гэрэл зураг авах зэрэг өргөн боломжууд бүхий холын зайны ажиллагаа бүхий нисгэгчгүй онгоц 2-ыг худалдаж авах юм байна. Түүнээс хиймэл дагуулын боломжоо өргөжүүлэх, газар дээрх мөшгөн тандах хэрэгслүүдээ сайжруулах зэргээр тагнуулын хүчин чадлаа өргөжүүлэх, мөн онц байдлын нөхцөлд хүн амын бэлэн байдлыг хангах зэрэгт төсөвлөсөн хөрөнгийг зарахаар төлөвлөсөн байна.

Гренланд бол АНУ, ОХУ болон ЕХ-ны дунд байрлалтай, байгалийн нөөц ихтэй дэлхийн хамгийн том арал. Энэ үүднээсээ Орос, Хятадын зүгээс ч мөн анхаарал татдаг. Дээрээс нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр Гренландын их мөстлөг хайлж эхэлснээс хөлөг онгоцууд зорчих зам гарцууд шинээр нээгдсэнээр арал руу хүрч очих замыг улам хялбар дөхөм болгосон байна. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Гренландын асуудлаарх Европын нэгдмэл байдлыг бататгах хүчин чармайлтын хүрээндээ энэ7 хоногт Европт айлчилж, Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Олаф Шольц, НАТО-гийн ЕНБД Марк Рютте нартай уулзах товтой байна. Үүний өмнө ЕХ-ны цэргийн хорооны дарга Роберт Бригер Греландад ЕХ-ны цэргүүдийг байрлуулах байр суурь илэрхийлж, энэ нь бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих хүчтэй дохио болно гэж Германы “Вельт ам зонтаг” сонинд ярьжээ.

Дональд Трампын тухайд Гренландыг Даниас худалдаж авах төлөвлөгөөнийхөө талаар 2017-2021 онд анх Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч мөн мэдэгдэж байсан байдаг. Үүнээс нь болж тухайн үед Вашингтон, Копенхагений харилцаа дипломатын хувьд хүйтэрч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дани Улс Арктикийн бүс нутгаа батлан хамгаалахад хоёр тэрбум ам.доллар зарцуулна  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй