Шинэ Зеланд Улс аялал жуулчлалын салбар мөн эдийн засгаа дэмжих үүднээс богино хугацааны визээр зорчигч жуулчдыг зайнаас ажиллахыг зөвшөөр ч визийн журмаа зөөлрүүлж байна. Шинэ журмын дагуу, тус улсад жуулчид 90 хүртэл хоног аялж зугаалах зуураа цахимаар ажлаа хийх боломжтой. Харин 90-ээс дээш хоног болох нөхцөлд татварын асуудалтай тулгарч болзошгүйг Шинэ Зеландын эрх баригчид анхааруулж байгаа юм байна.
Шинэ Зеландын эдийн засгийн хөгжлийн сайд Никола Уиллис, Цагаачлалын сайд Эрика Стэнфорд, Аялал жуулчлалын сайд Луис Апстон даваа гарагт энэ талаар хамтран мэдээлэл хийх үедээ, засгийн газраас нь хэрэгжүүлж байгаа энэ алхмын дүнд цахим нүүдэлчдийг илүүтэй татаж чадна гэж үзэж байгаа юм байна. Өөр бусад улс энэ зорилгоор тусгай виз гаргадаг бол Шинэ Зеланд харин ердийн жуулчны визтэй гадны иргэд өөр улс оронд байгаа ажил олгогчдодоо ажлаа үргэлжлүүлэн хийх боломжийг олгож байгаагаар онцлог юм байна. Шинэ Зеландын аялал жуулчлал 11 тэрбум орчим ам.доллароор хэмжигддэг, улсынхаа эдийн засгийн хоёр дахь том хөдөлгүүр, мөн 200 мянга орчм ажлын байртай томоохон салбар байдаг. Сая зарлагдсан визийн хөнгөлөлтийн ачаар Шинэ Зеландад олон хоногоор тухалж жуулчлах гадаадынхны тоо нэмэгдэж, тэр хэрээрээ илүү их мөнгийг үрж зарцуулна гэдэг хүлээлттэй байгаагаа Цагаачлалын сайд Эрика Стэнфорд мөн хэлж байна.
Цахим нүүдэлчдийн ийм визийн журам нэвтрүүлсэн улс орнууд цөөнгүй байдаг боловч Шинэ Зеланд улс өнөө цагт ажлын байр улам цахимжиж, уян хатан болж байгааг ашиглаж амрангаа ажиллах хүсэлтэй хүмүүст илүү ая тухтай нөхцөлийг санал болгохыг зорьж байгаа юм гэдгийг аялал жуулчлалын сайд Луис Апстон онцолсон байна. Бусад төрлөөр зорчих зочдоос ялгаатай нь зайнаас цахимаар ажилладаг хүмүүс манай улсад, завсрын улирлын үеэр ч гэсэн илүү их цагийг өнгөрүүлж, бас илүү их мөнгө зарах боломжтой гэж Шинэ Зеландын эрх баригчид үзэж байна. Гэхдээ гадаадын компанийн худалдааны төлөөлөгч, жүжигчид болон Шинэ Зеландын ажил олгогчдод ажиллахаар очиж байгаа зэрэг тус улсад заавал биечлэн байх шаардлагатай хүмүүсийн тухайд өөрсдийн тухай бүрийн нөхцөлд тохирох визийг авах ёстой хэвээр байна гэдгийг засгийн газраас нь мэдээлсэн байна.
Визийн энэ хөнгөлөлт нь жуулчдаас гадна гэр бүл, танил найз нөхдөө эргэж тойрч, уулзах гээд урт хугацааны визээр зорчин яваа хүмүүст ч мөн адил үйлчлэх юм байна. Ажлаа хийнгээ амарч зугаалах хүсэлтэй хүмүүсд зориулсан тусгай визийн хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд олон улс оронд нэвтрүүлсэн. Өдөр тутмын тогтсон нэг хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөх эрмэлзэлтэй залуу ажилтнуудын дунд түгээмэл байдаг ийм чиг хандлага 2010 оноос эхтэй, дээрээс нь дэлхий нийтийг хамарсан цар тахал зайнаас ажиллах талаарх нийтлэг хандлага өөрчлөгдөхөд нөлөөлсөн гэж тооцогддог.
Өнөөдрийн байдлаар, Япон, Өмнөд Солонгос, АНЭУ, Бразил, Испани, Португали зэрэг улсад цахим нүүдэлчдийн виз үйлчилдэг байна.
Шинэ Зеланд Улс цахим нүүдэлчдийг татах зорилгоор визийн журмаа хөнгөвчилжээ | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.