Шууд Chart

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн дурсгалын хөшөөг Москвад босгов

2014-09-12 09:49:18

ОХУ-ын Нүүдэлчний соёл, иргэншлийн музейн захирал Константин Куксин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нарын санаачилгаар мөн Орос, Монголын холбогдох байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр Халхын голын байлдааны Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Москва хотноо 2014 оны есдүгээр сарын 10-ны өдөр Танкийн дурсгалын хөшөө босгожээ. 

Уг арга хэмжээг музейн захирал К.Куксин, Элчин сайд Ш.Алтангэрэл нар нээж, ОХУ-ын Төрийн думын гишүүн, “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хурлын гишүүн Баяр Жамсуев, Халхын голын байлдааны ахмад дайчин бэлтгэл хурандаа Николай Кравец, «Монголын анд нөхөд» нийгэмлэгийн дэд тэргүүн Владимир Бабушкин нарын төлөөлөгчид оролцож үг хэлжээ. 
 
Элчин сайд Ш.Алтангэрэл, ОХУ-ын “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, бэлтгэл хурандаа Николай Кравец нар дурсгалын тууз хайчилсны дараа ОХУ, Монгол Улсын төрийн далбааг залж, төрийн дуулал эгшиглүүлсэн байна. Уг арга хэмжээний үеэр ОХУ-ын “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хурлын гишүүн Баяр Жамсуев нарт Халх голын байлдааны Ялалтын 75 жилийн ойн дурсгалын медалийг Элчин сайд Ш.Алтангэрэл гардуулжээ.
 
Үүний дараа ёслолын ажиллагаанд оролцсон төлөөлөгчид тус музейн хамт олны бэлтгэсэн урлагийн тоглолт үзэж, музейн үзмэрүүдтэй танилцсаны дотор хөшөөний дэргэд монгол гэрт байрлуулсан Халх голын дайны үеийн цэргийн эд хэрэглэл, галт зэвсгийн олдворууд ихээхэн сонирхол татаж байсан ажээ.
 
Москва хотноо бүтээсэн энэхүү Т-26 танкийн хөшөө нь ОХУ-д Халхын голын байлдааны баатруудад зориулан босгосон анхны дурсгалын байгууламж гэдгээрээ Халхын голын байлдааны Ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг болж байгаа юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн дурсгалын хөшөөг Москвад босгов  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй