Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг тээврийн хэрэгслээр мөргөж, зугтаасан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийг Цагдаагийн хошууч С.Баярбилэгт өглөө. Тэрбээр "Нэгдүгээр сарын 28-ны өдөр үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар зугтаасан бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тээврийн цагдаагийн алба хаагч батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоо орчимд 16:50 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан.
Тухайн орчинд хөдөлгөөний нягтрал ихтэй байсан учраас алба хаагч хяналт тавьж ажиллах явцад “Тoyota Harrier” загварын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний үргэлжилсэн цагаан шугам давж эргэх явцад очиж шаардлага тавьсан байдаг. Гэвч жолооч Г нь алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн, улмаар тээврийн хэрэгслээрээ мөргөж, зугтаасан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг эрэн сурвалжлах ажиллагааны явуулж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон.
Тээврийн хэрэгслийн жолоочоос согтуурлын зэрэг хэмжигч багажаар үлээлгэхэд 2.96 хувийн согтолттой гарсан. Түүний автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эх орчимд байрлах орон сууцны хорооллын дунд үлдээсэн байсныг олж тогтоосон. Одоогоор саатуулах хашаанд түр байрлуулсан байна. Хуулийн дагуу торгох, зорчих эрх хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хорих ял оноох зүйл ангитай. Мөргүүлсэн алба хаагч эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биед учруулсан хохирлыг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
С.Баярбилэг: Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн этгээд 2.96 хувийн согтолттой гарсан | ||
Үзсэн: 2266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.