Шууд Chart

УДБЭТ “Жизель” балетыг хоёрдугаар сарын 1-2-ны өдөр тоглоно

2025-01-29 16:42:01

УДБЭТ-ын хамт олон 2025 оны хоёр  сарын тоглолтоо Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетаар эхэлнэ. Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ.

Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa –гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Сүүлийн “Marius Petipa”-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байсан байна.

А.Аданы “Жизель” нь балетын төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна. Зохиолч Ж.Сен-Жорж нэгдүгээр үзэгдлийн үйл явдлын зангилаа, хоёрдугаар үзэгдлийн сэдвийн ерөнхий чигийг тодруулж өгсөн байна.

Сэтгэл санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд цомхотгон багтаах зарчмыг ч бас баримталсан бөгөөд мөрөөдөл, гунигт хувь тавилан, аз жаргалын хий хоосон чанарыг гол сэдвээ болгосон гутранги үзэл бүхий романтизмын эхэн үеийн балетуудаас огт өөр утга санааг энэхүү балет илэрхийлжээ. “Жизель” балетыг хоёрдугаар сарын 1-2-ны өдөр тоглох бөгөөд“Жизель” балетын Жизельд-МУГЖ Б. Саруул, МУСТА М.Нандинцэцэг, Албертад – МУСТА Х.Галтулга, Б.Дөлгөөн, тус тус гоцлон бүжиглэх юм байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

УДБЭТ “Жизель” балетыг хоёрдугаар сарын 1-2-ны өдөр тоглоно   
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй