Шууд Chart

“Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага” Газын зурваст 10 130 тонн хүнс хүргэжээ

2025-01-30 18:34:38

Энэ сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн Израил, Хамасын хооронд гал зогсоож, барьцааны хүмүүсийг чөлөөлөх хэлцлийн хүрээнд өнөөдөр 3 дахь удаагийн солилцоо явагдах гэж байна. Энэ хүрээнд барьцааны гурван Израил хүнээс гадна 5 Тайланд хүнийг Хамас дангаараа ямар нэгэн болзолгүй чөлөөлөх мэдээлэлтэй байна. Барьцааны хүмүүсийн хариуд Израил талаас 110 Палестин хоригдлыг шоронгоос суллах ёстой аж.

Барьцаанаас суллагдах гурван Израил хүний 2 нь эмэгтэй, 29 настай энгийн иргэн, 20 настай цэргийн ажиглагч байгаа бол, 3 дахь нь 80 настай эрэгтэй байна. Мөн барьцаанаас Хамас дангаараа элдэв нөхцөлгүй чөлөөлж байгаа 5 Тайланд хүний хувьд Израилд ажиллаж байхдаа хулгайлагдсан ХАА-н ажилтай хүмүүс юм байна. Тайландын засгийн газар Газын зурваст 6 иргэн нь барьцаанд байгаа гэж мэдэгддэг. Гэвч тэдний 2 нь амь үрэгдсэн гэх мэдээлэлтэй байгаа юм байна. 1 сарын 19-нөөс Израил, Хамас хооронд хэрэгжиж эхэлсэн хэлцлийн дүнд 7 Израил чөлөөлөгдсөн. Тэдний оронд 290 Палестин хоригдол Израилын шоронгуудаас суллагдаад байгаа.

Өнөөдрийн солилцоо амжилттай явагдах нөхцөлд дараагийн 4 дэх солилцоо нь энэ бямба гарагт 4 эрэгтэйг барьцаанаас суллах тохироотой байна. Гал зогсоох хэлэлцээрийн эхний шатны хүрээнд нийтдээ 33 барьцааны хүнийг суллах тохироотойгоос өнөөдрийнхийг оролцуулаад 26 хүн чөлөөлөгдөх ёстой. Тэдний 8 нь амиа алдсан болохыг Израил Хамасын талаас өгсөн мэдээлэлд тулгуурлан мэдээлж байгаа. 2023 оны 10 сарын 7-нд Хамас тэргүүтэй Палестины зэвсэгт бүлгүүд Израилд гэнэтийн халдлага дайралт үйлдэх явцдаа  1200 орчим хүнийг хөнөөж, 251 хүнийг барьцаанд авсан. Үүний дараагаас Газын зурваст Израилын эхлүүлсэн өргөн хүрээтэй цэрэг дайны ажиллагаа сүүлийн 15 сарын туршид үргэлжилж, энгийн иргэд, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд голдуу 47 мянга гаруй палестинчууд амиа алдсан. 2,3 саяар тоологддог Газын зурвасын хүн амын 90 гаруй хувь нь дүрвэжээ. Одоо хэрэгжиж байгаа 42 хоног гал зогсоох  хэлэлцээрийн хүрээнд 376 мянга гаруй палестинчууд Израилын цэргийн хяналтад байсан Газын зурвасын хойд хэсэгт олон сар үргэлжилсэн дайнд нурж сүйдсэн гэр орныхоо туурин дээр анх удаа очиж байна.

Гал зогсоох тохиролцооны дагуу эдгээр хүмүүс бүгд явганаар энэ замыг туулж гэр орон нь байсан газарт хүрч байгаа юм. Үүний зэрэгцээ гал зогссоноос хойших 8 хоногт Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага Газын зурвасын өлсгөлөнд нэрвэгдсэн, орох оронгүй болсон хүн амын 330 гаруй мянгад нь 10130 тн хүнс хүргэжээ. Дараагийн гурван сар гал зогссон байх хугацаанд сардаа 1 сая хүнд тусламж хүргэхээр зорьж ажиллаж байгаагаа НҮБ-ын энэ агентлаг мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага” Газын зурваст 10 130 тонн хүнс хүргэжээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй