Шууд Chart

БНТУ 2024 онд ОХУ-аас түүхэн дээд хэмжээнд нефть импортолжээ

2025-01-31 12:36:53

Турк улс өнгөрсөн онд Оросоос урьд байгаагүй их хэмжээний нефть импортолсон байна. Судалгааны “Кплер” компанийн мэдээлэлд тулгуурлан Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ үзүүлэлт жилийн дүнгээрээ 36 хувь өсөж хоногт 323 мянган баррелд хүрчээ. Туркийн эрчим хүчний зах зээлийг зохицуулах газар энэ мэдээллийг мөн нотолж байгааг Оросын РБК агентлаг уламжилсан байна. Турк улс эрчим хүчний түүхий эдийн бүсийн төв болж дамжуулан борлуулалтаас ашиг олох зорилготой нь энэ үзүүлэлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Үүнээс гадна өнгөрсөн оны 6-р сард Оросоос Туркт гаргасан нефтийн нийлүүлэлт хоногийн 449 мянган тоннд хүрч, сарын дүнгээрээ түүхэн рекорд тогтоож байсан. Үүнээс өмнө 2022 онд мөн хоногт 254 мянган тонн нефть импортолж түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байсан бол, дараагийн 2023 онд нь 6 хувиар буурсан дүнтэй байжээ. Туркийн Оросоос авдаг нефтийн импорт өнгөрсөн оны эхний 8 сард хэдийнэ 2022 оны бүтэн жилийн дээд үзүүлэлтээс давжээ.

2024 оны эцсийн дүнг Туркийн эрчим хүчний зах зээлийн зохицуулах газраас хараахан мэдээлээгүй байгаа юм байна. Ийм маягаар сүүлийн жилүүдэд Оросын нефтийн нийт экспортын 5 орчим хувь нь Туркт оногдож байгаа аж.

Өнгөрөгч онд далайн тээвэрлэлт бага зэрэг буурсан ч гэлээ Оросын нефтийн дараагийн томоохон худалдан авагчид нь Хятад, Энэтхэг улсууд хэвээрээ. Энэтхэгийн импорт 1,8% буурснаар хоногт 1 сая 767 мянган баррель болсон бол, Хятадын импорт 0,6% буурч, хоногийн 1 сая 242 мян баррель болсон. “Восточный Сибирь-Тихий океан” нефтийн хоолойгоор дамжуулж хоногтоо 800мянга орчим баррель нефть импортолдог дүнгээрээ бол Хятад улс үндсэндээ оросын нефтийн хамгийн том хэрэглэгч нь гэж оросын “Сиала” судалгааны агентлагийн шинжээч РБК-д ярьжээ.

Гэхдээ энэ 1-р сарын эхээр АНУ Оросын эрчим хүчний секторын эсрэг сүүлийн үеийн хамгийн томоохон хориг арга хэмжээ авсан. Оросын нефтийн хамгийн том 4 үйлдвэрийн 2 нь нефть үйлчилгээний хэдэн 10 компани, оросын нефтийг дэлхий даяар худалдан борлуулагчид Америкийн энэ хоригт өртсөн. Энэ хоригийн нөлөө хамгийн хүчтэй мэдрэгдэх үе нь оны 1-р улирал. Энэ хугацаанд оросын нефтьчид дотоод дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, нөөцөө хуримтлуулж, нефтиэс илүү түлшний экспортдоо голлон түшиглэнэ гэдгийг Оросын шинжээчид дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ 2024 онд ОХУ-аас түүхэн дээд хэмжээнд нефть импортолжээ  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй