Шууд Chart

Японд амиа хорлолтын тоо буурчээ

2025-01-31 14:15:23

Японд өнгөрсөн онд 20200 гаруй хүн амиа егүүтгэжээ. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог Япон улсын хувьд энэ нь өмнөх оныхоосоо 1500 гаруй тохиолдлоор буурснаар 2 дахь жилдээ буурсан дүнтэй гарч байгааг Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Гэхдээ энэ нь 2019 онд 20,169 байсан үзүүлэлтийн дараа орох 2 дахь өндөр дүн. Мөн хүүхдүүдийн амиа хорлолт өнгөрсөн онд 527 болж, бүртгэл хөтөлж эхэлсэн 1980 оноос хойших түүхэнд хамгийн өндөр нь болсон байна.

Мөн энэ тоо сүүлийн гурван жил 500-аас буугаагүйг албаныхан дурдсан байна. Тэдний 349 нь ахлах ангийн сурагчид, 163 нь дунд ангийн насныхан, 15 нь бага сургуулийн сурагчид байжээ. Амиа егүүтгэж байгаа хүмүүсийн дийлэнх нь насанд хүрсэн эрчүүд хэвээр, өнгөрсөн онд 13763 тохиолдол бүртгэгдсэн бол, эмэгтэйчүүд 6505 байна. Насны бүлгээр нь авч үзвэл, 50 болон 40-д насныхан хамгийн өндөр тус бүр 3000 давсан тохиолдол бүртгэгджээ.

Ийнхүү цаг бусаар хорвоог орхих алхам хийсэн хүмүүсийн зонхилох шалтгааны хамгийн эхэнд эрүүл мэнд, дараах нь эдийн засаг, амьдрал ахуй, гэр бүлийн асуудлууд байсан байна. Мөн интернэт болон нийгмийн сүлжээтэй холбоотой асуудал урьдахаас хамгийн өндөр буюу 42 тохиолдлын шалтгаан болсноор бүртгэгдсэн байна. Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Кэичиро Татибана энэ тайланд холбогдуулж, Японы эрх баригчид хүүхдийн амиа хорлолтын асуудалд ихээхэн анхааралтай хандаж, хүүхдүүдийн амь насыг хамгаалж, хэнийг ч амиа егүүтгэх хэмжээнд хүргэхээргүй нийгмийг бүтээхийн төлөө боломжтой бүхнийг үргэлжлүүлэн хийх болно гэж мэдэгджээ.

2021 онд энэ үзэгдлийн тоо эрс өссөнтэй холбогдуулж Японы эрх баригчид иргэдийн ганцаардмал байдалтай тэмцэх хөтөлбөр баталж, ганцаардлын асуудлыг эрхэлсэн сайдын албан тушаал мөн бий болгож байсан. Үүний зэрэгцээ японы өндөр настнууд ганцаардал, бас мөчиг тачиг амьдралаас зайлсхийхийн тулд шоронд суухыг илүүд үзэж элдэв хэрэг зөрчил зориуд тарих болсон талаар Си-Эн-Эн тв мэдээлж байсан. Үүнээс болоод Япон дахь эмэгтэйчүүдийн хамгийн том Тотиги шоронд хэт дүүрч, хоригдлуудын дундаж нас 65 болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд амиа хорлолтын тоо буурчээ  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй