АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренланд арлыг Америкийн харьяанд авах санал дэвшүүлж, эндэхийн иргэд ч ийм эрмэлзэлтэй байдаг гэж мэдэгдсэнээс үүдэж санал асуулга явуулжээ. Улмаар гренландуудын 85 хувь нь АНУ-д нэгдэхийн эсрэг байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч амралтын өдрүүдэд Air Force One онгоцонд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ, Гренланд “арлын 57 мянган иргэд манай улсад нэгдэх хүсэлтэй байгаа, тиймээс арлыг авч чадна” гэж ярьсны мөрөөр энэ санал асуулгыг явуулжээ.
Данийн “Берлингскэ” сонины захиалгаар социологийн судалгааны Вериан компанийн явуулсан энэ асуулгад оролцсон гренландчуудын дөнгөж 6 хувь нь АНУ-д нэгдэх нь зүйтэй гэсэн бол, 9 хувь нь тодорхой хариултгүй байжээ. Үүнээс гадна Гренландын иргэдийн талаас илүү хувь нь арлыг нь хэт сонирхож байгаа Трампын бодлогыг аюултай гэж үзсэн байна. Энэ сарын эхээр Трамп Гренландыг АНУ-ын аюулгүй байдалд амин чухал бүс нутаг, Дани улс стратегийн чухал Арктикийн энэ арлыг хяналтдаа байлгахаас татгалзах ёстой гэж мэдэгдсэн. Энд дурдахад, Баллистик пуужингаас урьдчилан мэдээлэх системийн стратегийн байршил болох Гренланд арлын баруун хойд талын Питуффик сансрын баазад Америкийн цэргийнхэн байнгын байрлаж ажилладаг юм байна.
Тусгаар тогтнолын төлөө тэмцлээ идэвхжүүлж эхэлсэн Гренландын Ерөнхий сайд Муте Эгеде арал нь худалдагдахгүй, чухам ард түмэн өөрсдийн хувь заяаг шийдэх ёстой гэдэг байр суурийг нэг бус удаа илэрхийлсэн. 57000 хүнтэй дэлхийн хамгийн том арал 2009 онд өөртөө засан тохинох өргөн эрхтэй болсны дотор Дани улсаас ард нийтийн санал хураалтын дүнд тусгаар тогтнох эрх мөн багтдаг байна. Үүний зэрэгцээ Дональд Трампын Данийн Ерөнхий сайд Метте Фредериксентэй нэлээд ширүүн өнгөтэй яриа хийсэн, Данийн ерөнхий сайд тэр үеэр Гренланд арал худалдагдахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Үүний зэрэгцээ Данийн эрх баригчид Трампын мэдэгдлүүдэд Гренланд арлын талаарх онцолж хариу байр суурь илэрхийлэхээс түдгэлзэх тал дээр ЕХ болон НАТО-той нэгдсэн стратеги баримтлах санал тавьсан талаар ФТ сонинд мэдээлжээ.
Гренландчуудын 85 хувь нь АНУ-д нэгдэхийн эсрэг байна | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.