Шууд Chart

Д.Трамп хууль бус цагаачдын эсрэг хууль батлав

2025-01-31 14:55:12

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр дахь удаагаа Цагаан ордонд эргэн ирснийхээ дараах анхны хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна. “Лэйкен Райлийн хууль” буюу хууль бус цагаач гэмт этгээдийн гарт амиа алдсан оюутан бүсгүйн нэрээр нэрлэгдсэн энэ хуулиар хулгай, хүч хэрэглэсэн гэмт хэргийн сэжигтэн болсон хууль бус цагаачдыг, түүний дотор албан ёсоор ял тулгагдаагүй хүмүүсийг ч мөн баривчлан саатуулахыг хууль сахиулах байгууллагуудад үүрэг болгож байна.

Хүч хэрэглэсэн гэмт хэрэг гэдэг нь цагдаа нарт халдах зэргээр бусдын бие махбодод хохирол учруулах эсвэл амь насанд хүрсэн бусад тохиолдлыг авч үзэх юм байна. Дэлгүүрээс хулгай хийсэн зэрэг жижиг зөрчил гаргасан хүмүүсийг хүртэл бөөн хүчээр барьж саатуулах сүржин хууль гэж цагаачдын эрхийг хамгаалагчдын зүгээс шүүмжилж байсан ч БНН-ын хяналт дахь Конгресс энэ хуулийг АН-ын зарим төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр баталсан байна. Харин Трамп хууль бус цагаачлалыг таслан зогсоохоо амлаж, энэ асуудлыг улс төрийн замналынхаа гол зарчим болгосон энэ хууль дөнгөж эхлэл гэдэг үүднээс байр сууриа хамгаалж байгаа юм байна. Трамп энэ хуулийг “түүхэн” хэмээн нэрлэсний зэрэгцээ ийм зүйл хийхээс аргагүйд хүрсэн нь гунигтай гэж дурджээ. Энэ хууль  жилийн өмнө Жоржия хотод, хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Венесуэлийн хууль бус цагаачийн гарт амиа алдсан 22 настай оюутан Лэйкен Райлийн нэрээр нэрлэгдсэн. Шүүхээс гэмт этгээдэд насаар нь хорих ял оноожээ. Үүний зэрэгцээ энэ хууль цагаачдын шударга шүүхээр шүүгдэх эрхийг үгүй болгож байна гэж Ардчилсан намын зарим хууль тогтоогч эсрэг байр суурь илэрхийлж байгаа. Бас илүү хүнд, ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг барьж саатуулахад Холбооны эрх баригчдын зарцуулах ёстой хөрөнгийг хий дэмий үрэн таран хийж байгаа хэрэг гэж тэд үзэж байна.

Үүнээс гадна Трамп, Гуантанамо дахь америкийн цэргийн баазад АНУ-д хууль бусаар оршин амьдарч байгаа гадаадын онц чухал гэмт хэрэгтнүүдийг цагдан хорих  төв нээхийг БХЯ, Дотоодын аюулгүй байдлын яамны сайд нарт тушаасан байна. Гуантанамо дахь цагаачдыг хорих энэ газрыг АНУ-ын цагаачлалын болон гаалийн албаныхны хяналтад ажиллуулах юм байна. Мөн энэ төвд нь 30 мянга хүртэл тооны хүнийг байрлуулах боломжтой байна гэж тооцогдож байгаа юм байна. Трампын энэ шийдвэртэй холбогдуулж Кубын засгийн газар эсэргүүцэл илэрхийлсэн байна. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас Канель тухайлбал Трампын шийдвэрийг балмад үйлдэл гэж нэрлэсний зэрэгцээ Гуантанамогийн баазыг Кубын нутаг дэвсгэр хууль бусаар эзэрхийлэл явуулж байгаа хэмээн нэрлэсэн нийтлэлийг Икс сүлжээнд тавьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Трамп хууль бус цагаачдын эсрэг хууль батлав  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй