Шууд Chart

Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой

2025-02-04 11:31:14

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг дөрөвдүгээр сард багтаан зарлаж, тавдугаар сард сонгон шалгаруулалтыг, зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Эхний ээлжид нэгдүгээр шугамын бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих юм. Улаанбаатар трамвай төслийн эхний буюу нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр ажлын хүрээнд хэрэгжүүлэх трамвай төслийн эхний шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Бид трамвай явах эхлэл цэг дээр ирээд байна. Эндээс авто замын голын ногоон байгууламжийн хэсгээр трамвайг явуулахдаа одоо байгаа авто замын эгнээг хязгаарлахгүйгээр шугамыг барих зорилт дэвшүүлж байгаа. Эхний шугамын олон улсын нээлттэй тендерийг ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа зарлана. Хоёрдугаар шугамын хөрөнгө оруулалтыг нэн хөнгөлөлттэй зээлээр явуулахаар төлөвлөсөн. ТЭЗҮ боловсруулах ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байгаа бол газар чөлөөлөлтийг хавар эхлүүлнэ. Трамвайн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэл мөн чухал байна” хэмээн онцоллоо.

Трамвай нь авто замтай давхцахгүй. Зөвхөн гэрлэн дохиотой уулзвар дээр авто замын сүлжээтэй огтлолцдог. Нийслэлийн зүгээс Архивын ерөнхий газраас урагш 90 га талбайг трамвайн депогийн зориулалтаар бэлтгээд байгаа юм. Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, хоёр дахин бага цаг хугацааг зарцуулж, харьцангуй богино хугацаанд баригддаг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар метро төслийн тендерийн үйл явц хуулийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зарлахаар төлөвлөж буйг хэллээ. Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөсний эхлэл болгож, Туулын хурдны зам буюу Улаанбаатар хотын анхны expressway төслийн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байгаа юм.


Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй