АНУ-ын Нью Жерси мужийн сенатор асан Боб Менендесийг 11 жилийн хорих ялаар шийтгэлээ.
Тэрбээр Сенатын гадаад харилцааны хорооны нөлөөгөө ашиглан 500 мянга орчим ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон юм.
Хахуульд бэлэн мөнгө, алт, хуурамч ажлын цалин, Mercedes-Benz маркийн автомашин зэрэг багтжээ.
2024 оны долоодугаар сард 71 настай Менендесийг есөн долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хуралдааны дараа 16 зүйл ангиар буруутгасан юм.
Энэ нь Нью Жерси мужийн хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг, АНУ-ын гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан Менендесийн хувьд томоохон уналт болж байна. Тэрбээр Сенатын хорооны удирдах албан тушаалаа урвуулан ашигласан анхны сенатор бөгөөд гадаад улсын эрх ашгийн төлөө ажилласан хэргээр буруутгагдсан анхны сенатор болж байна.
Шүүх хуралдааны үеэр Менендес нулимс дуслуулан өршөөл хүсэж, нийтийн албанд зүтгэсэн гэдгээ онцлон дурдсан. Гэсэн хэдий ч түүний нас, эрүүл мэнд, өмнөх сайн үйлсийг шүүгчээс харгалзан үзэж, прокурорын санал болгосон 15 жилийн ялыг багасган 11 жилийн хорих ял оноожээ.
Менендес шүүхийн шийдвэрийг “улс төрийн хуйвалдаан” гэж нэрлээд давж заалдахаа мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын өршөөлд хамрагдана хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ гэж АТГ-аас мэдээллээ.
Сенатор асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ | ||
Үзсэн: 239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.