Египет, Иордан, АНЭУ, Саудын Араб, Катарын ГХЯ-ны сайд нар Газын зурвасын палестинчуудыг Арабын өөр бусад улс руу шилжүүлэх хэрэгтэй гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын саналыг няцаасан. Дээрх 5 улсын ГХЯ-ны сайд нарын Каирт болсон уулзалтаас энэ тухай хамтарсан тунхгийг баталсан. Энэ уулзалтад Арабын улсуудын Холбооны ЕНБД болон Палестиныг чөлөөлөх байгууллагын удирдлага оролцсон байна.
Эндээс баталсан баримт бичигт, Арабын орнууд Трампын засаг захиргаатай Ойрх Дорнодод шударга, иж бүрэн энх тайван тогтоох асуудлаар хамтран ажиллахаар найдаж байгаагийн зэрэгцээ палестины ард түмэн өөрийн газар нутаг дээр, хууль ёсны эрхээ эдэлж аж төрөх эрхийг тууштай бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн палестины ард түмний энэхүү зүй ёсны эрхийг шилжин суурьшуулах, цагаачлуулах, орон гэрийг нь буулгах эсвэл газрыг нь хураах, энэ мэт үйл ажиллагааг сайшаан дэмжих зэрэг аливаа хэлбэрээр зөрчихийг таашаахгүй гэдгээ нотлон илэрхийлжээ. Америкийн Ерөнхийлөгч Трамп Газын зурвасын дайнд орон гэргүй болсон 1,5 сая палестины дүрвэгчийг Египет, Иордан, бусад Араб орнууд олноор нь хүлээж авах ёстой гэж өнгөрөгч 1 сарын 26-нд мэдэгдсэн. 31-нд мөн Трамп тэдгээр палестинчуудыг Иордан, Египет улсууд авна гэж итгэлтэй байгаагаа хэлж байсан.
Газын зурвасын нийт хүн ам 2,3 сая орчим гэж тооцогддог. Палестины дүрвэгчдэд туслах НҮБ-ын Ойрх Дорнод дахь агентлагийн сайтад мэдээлснээр бол, өнөөдөр дэлхий дээр, 1948 оны Араб-Израилын дайнаас дүрвэсэн 5,9 сая палестин дүрвэгчид байдаг. Тэднээс хамгийн олон 2,39 сая нь Иорданд, 0,5 сая орчим нь Ливанд, Сирид мөн төдий тоогоор амьдардаг. Иордан голын баруун эрэгт 912 мянган хүн байдаг юм байна. Дээрх Араб орнуудын уулзалтад оролцогчид тэрчлэн Газын зурвасыг сэргээн босгох олон улсын хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийг энэ ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Түүнээс гадна хоёр төр улс шийдлийг амьдралд хэрэгжүүлэхийг ОУ-ын хамтын нийгэмлэг, тэр дундаа НҮБ-ын АЗ-ийг уриалж, хоёр төр улс шийдлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ОУ-ын эвслийн үйл ажиллагаа энэ оны 6-р сард Франц, Саудын Араб улсуудын даргалан хийлгэх ОУ-ын бага хуралд оролцохын чухлыг цохон тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна өнгөрсөн бямба гарагт Египетийн Газын зурвастай залгаа Рафах боомтын гадна олон мянган египетчүүд цуглаж палестинчуудыг нүүлгэх Трампын санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, тэнд цугларсан хүмүүс Палестины тусгаар улс байгуулахын төлөө байгаагаа илэрхийлж, Египет болон Палестины туг далбаа барьсан байжээ. 15 сар тасралтгүй үргэлжилж буй дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвасын иргэд Израилын цэргийн хяналтад байсан нутгийн хойд бүс рүү хэдэн зуун мянгаараа эргэн нүүдэллэж байгаа үед энэ асуудал ийнхүү олны анхааралд яригдаж байна.
Арабын орнууд палестинчуудыг нүүлгэх Трампын төлөвлөгөөг няцаав | ||
Үзсэн: 226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.