Шууд Chart

Австрали улс “Deepseek” хиймэл оюуны системийг Засгийн газрын сүлжээнд ашиглахыг хориглолоо

2025-02-06 12:20:09

Австрали улс Хятадын хиймэл оюуны “Дипсик” системийг аюулгүй байдлын үүднээс засгийн газрынхаа сүлжээ, бүх төхөөрөмжид ашиглахыг хориглосон байна. Өнгөрсөн нэг сараас ашиглалтад орсон Хятадын ХОУ-ны энэ загварчлал харьцангуй богино хугацаанд бүтээгдсэн боловч АНУ-д бүтээгдсэн  бусад ижил системтэй дөхөж очихуйц өндөр гүйцэтгэлтэй байдлаараа дэлхийд шуугиан тариад байгаа юм.

Австралийн дээрх шийдвэрийн араас олон улсын хөрөнгийн биржүүд, тэр дундаа Австралийн бирж дээр ХОУ-тай холбоотой хувьцаануудын ханш огцом унаснаас олон тэрбум доллар салхинд хийслээ гэж BBC мэдээлсэн байна. Австралийн ЗГ дээрх шийдвэрээ тухайн систем Хятадынх учраас биш, харин үндэсний аюулгүй байдалд нь хүлцэх аргагүй эрсдэл дагуулж байгаа учраас гаргасан гэж тайлбарласан. Дипсик-ийн зүгээс одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Австралийн энэ хоригийн хүрээнд тухайлбал, төрийн байгууллагын аливаа төхөөрөмжид Дипсик ХОУ-ны аппликэйшн, вэб үйлчилгээ, бусад бүтээгдэхүүнийг суулгах, ашиглахаас сэргийлэх, хэрвээ суулгасан бол бүгдийг устгах шаардлагатай болж байна.

Гэхдээ эдийн засгийн бусад салбар хүрээ, түүний дотор дунд сургуулиудын компьютер зэрэгт ашиглах боломжтой байх эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Ямартай ч хувь хэрэглэгчдэд энэ хориг үйлчлэхгүй юм байна. Холбоо мэдээллийн Хуавэй компани болон ТикТок олон нийтийн сүлжээг үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэдэг үүднээс хязгаар тогтоох зэргээр Хятадад хөгжүүлэгдсэн технологид сэжиглэнгүй хандах хандлага өрнөдийн орнуудад энэ мэтээр багагүй байдаг гэдгийг хэвлэлүүд дурдаж байна.

Үнэгүй суулгаж болдог аппликэйшнүүд дунд асар хурдан газар авч Их Британи, АНУ зэрэг улсад хамгийн их таталттай нь болсон Дипсик апп-ийн талаарх анхны сэтгэгдлүүд тэхдээ янз бүр байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал АНУ-ын хувьд “сэрүүлгийн хонх” гэж нэрлээд, ХОУ-ны зардлыг бууруулах нөхцөлд ерөнхийдөө эерэг үйл явдал байж мэдэх юм гэж мэдэгдэж байсан. Австралийн ШУ-ны сайд харин дата болоод хувийн нууцлал талаасаа санаа зовоох асуудлууд бий учраас дипсик-т маш болгоомжтой хандахыг улс орнуудад уриалж байжээ.

Италид тэгвэл нууцлалын бодлогын хүрээнд энэ апп-ийн чатбот-ыг аппстор-оос устгасан, өмнө нь 2023 оны 3 сард мөн адил үндэслэлээр чатжибити-г Италийн ЗГ хэсэг хугацаагаар хааж байсан байдаг. Өмнөд Солонгос, Ирланд, Франц улсууд мөн Хятад дахь серверүүдэд хадгалагддаг хэрэглэгчдийн мэдээллийг Дипсик хэрхэн боловсруулдгийг шалгах шалгалт эхлүүлээд байна. АНУ мөн адил энэ системийн аюулгүй байдлын нөлөөллийг судалж байгаа гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт мэдэгджээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин өөрийн гишүүд ажилтнуудыг Дипсикийг ашиглахыг хориглосон мэдээлэл байгаа ч энэ мэдээлэл одоогоор нотлогдоогүй байна. ХОУ-ны бүх л хэрэгсэл эцсийн бүтээгдэхүүнээ сайжруулж боловсронгуй болгох үүднээс өөрсдөд нь тавигдсан асуулт лавлагаануудад задлан шинжилгээ хийдэг. ChatGPT, Google Gemini, DeepSeek аль нь ч энэ тал дээрээ ялгаагүй. Гол нь нууцлалын шатны ч юм уу үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбарт ажилладаг хүмүүс чатботод бичиж оруулж байгаа мэдээлэл болгон нь тухайн загварчлалыг боловсруулагчдын санах ойд үлдэж, судлагдаж байдаг гэдгийг ухамсарлаж байх ёстой гэдгийг аюулгүй байдлын шинжээчид анхааруулдаг. Дипсик апп тухайлбал, АНУ-ын технологийг шударга бусаар ашигласан гэдэг зэмлэлд өртөж байгаа. Учир нь ОпенЭйАй-ийн зүгээс өрсөлдөгчдөө, түүний дотор Хятадыг бүтээгдэхүүнээ хурдацтай хөгжүүлэхийн тулд боловсруулсан технологийг нь ашигладагт гомдоллож байсан. Тэгвэл OpenAI CEO-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман “одоогоор Дипсик-тэй заргалдах төлөвлөгөөгүй. Мөн Дипсик ажиллагааны горим зөрчсөн эсэх асуудлыг судалж байгаа, гэхдээ үүнд голлох анхаарал хандуулсан зүйлгүй, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ сайжруулахад гол анхаарч байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс “Deepseek” хиймэл оюуны системийг Засгийн газрын сүлжээнд ашиглахыг хориглолоо  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй