АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа цагаачдыг Кубын Гуантанамогийн цэргийн бааз дахь түр төв рүү шилжүүлж эхэлсэн байна. Энэ мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт Фокс ньюз телевизээр мэдээлжээ. Трамп гэмт хэрэгт холбогдсон 30 мянга хүртэл тооны хууль бус цагаачдыг тус цэргийн баазад байрлуулахаар бэлтгэл хангахыг Пентагонд даалгана гэж анх зарласнаас хойш хэдхэн өдрийн дараа энэ ажил эхлэн явагдаж байгааг хэвлэлүүд уламжилж байна.
Кэролайн Левитт тодруулбал, хууль бус цагаачдыг суулгасан эхний нислэгүүд Гуантанамо руу хэдийн хөөрчээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны төлөөлөгч Тришиа Маклаулины мэдээлснээр, Гуантанамо руу “маш аюултай гэмт этгээдүүд” гэж тооцогдож байгаа 9-10 цагаачийг хүргэсэн гэж мэдээлсэн гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Тухайлбал, тэдний дунд хүүхэд эмэгтэйчүүд эсвэл гэр бүлүүдийг байлгах эсэх тухайд тодруулаагүй байна. Цагаачдыг тэнд 2001 оны 9 сарын 11-ний алан хядах ажиллагаанд холбогдолтой хүмүүсийг хорьж байсан хорих газарт байрлуулан гэжээ.
Гэхдээ одоо хэр тэнд хоригдож үлдсэн 15 хоригдлоос тусад нь байрлуулах мэдээлэлтэй байгаа юм байна. Үүнээс гадна Техасын Эль-Пасо, Калифорнийн Сан-Диего-д саатуулагдсан байгаа 5000 гаруй цагаачийг албадан гаргахаар төлөвлөж байгааг Пентагон мөн мэдээлжээ. Нью-йоркт хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хууль бус цагаачдыг барьж саатуулах анхны томоохон өргөн хүрээтэй ажиллагаа эхэлсэн байна. Энэ хүрээнд 1200 орчим баривчилгаа хийгдэж, саатуулагдсан хүмүүсийн тал нь өмнө хэрэгт холбогдсон түүхгүй хүмүүс байгаа талаар “Нью-Йорк” пост өмнө нь мэдээлж байсан.
Тэрчлэн Миссисипи муж улсын эрх баригчид цагдаа нарт албадан нутаг буцаасан цагаач бүрийн тоогоор 1000 ам.доллар олгох болж, шан харамж олгох захирал гаргасан гэдэг мэдээлэл байгаа юм байна. Түүнээс гадна өнгөрсөн 10-аад хоногийн хугацаанд Латин Америкийн орнууд руу хууль бус цагаачдыг цэргийн тээврийн C-17 онгоцоор албадан гаргахад 2 сая орчим ам.доллар зарцуулагдсан гэдэг тооцооллыг хэвлэлүүд дурдаж байгаа юм.
Энэ онгоцоор Эквадор, Гватемал, Перу, Колумб, Энэтхэг зэрэг улсууд руу нийт 7 удаагийн тээвэрлэлт хийгдсэн гэж Пентагоноос мэдээлсэн байна. Ингэснээр энэ онгоцоор нэг цагийн нислэг үйлдэх зардал нь 19 мянган ам.доллар буюу ердийн онгоцны нэгдүгээр зэрэглэлийн нислэгийн тийзнийхээс өндөр өртөгтэй байдаг юм байна. Өнгөрсөн 7 хоногт Гватемал улс руу хийсэн тээвэрлэлтийн нэг цагаачид оногдох зардал гэхэд 4675 ам.доллар болж байгааг Ройтерс мэдээлсэн байна.
АНУ-аас цагаачдыг Гуантанамо бааз руу илгээж эхэлжээ | ||
Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.