![](/uploads/202502/news/thumb/75c10eb8b50f51736c4657c67fca6b67_x3.jpg)
Турк улсын орчин цагийн түүхэнд хамгийн олон хүний амийг авч, асар их гамшиг сүйдэл тарьсан Газар хөдлөлтөөс хойш яг 2 жил өнгөрлөө. Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоганы “зууны гамшиг” гэж нэрлэсэн энэ газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажил удаашралтай байгаагаас өнөөдрийг хүртэл хэдэн зуун мянган хүн тогтсон орон байргүй, түр сууц чингэлэгт амьдарсаар гурав дахь өвлөө давж байгааг “Франспресс” онцолсон байна. Туркт 53000 гаруй, Сирид 6000-д хүн амь эрсэдсэн энэ гамшгаас амьд үлдсэн олон мянган хүн өчигдөр Өмнөд Туркийн хотуудад амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх цуглаан болсон байна.
2023 оны 1 сарын 6-ны үүрээр, хүмүүсийг унтаж байхад болсон 7,8 магнитудын газар хөдлөлтөд Турк даяар 800 мянга орчим байшин нурж сүйдсэн байдаг. Мөн маш олон хүн барилгын нурангид дарагдсан. Энэ эмгэнэлт үйл явдлын 2 жилийн ойн дээр иргэд олон нийт, газар хөдлөлтийн идэвхжил дэлхийд хамгийн өндөртэй бүсийн нэгд ордог энэ бүсэд ингэтэл олон байшин барилга нурж сүйдсэн нь чанар баталгаагүй барилгууд барьж босгосон төрийн албаны авлига, барилгын салбарынхны хуудуутай ажиллагаанаас болсонд харуусч бухимдсан хэвээр байна.
Энэ мэт ажлын хариуцлага алдсан болон бусад хэргээр 200-аад хүн шоронд хоригдсон байдалтай байгаа юм байна. Нийт барилга байшингуудынх нь 90 орчим хувь нь нурж сүйдсэн Антакия хотод иргэд үүрийн 4 цаг 17 минут буюу хоёр жилийн өмнө газар хөдлөлт болсон цаг минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр цуглажээ.
Энэ үеэр аюулгүй албаныхан хүмүүсийг төв талбай руу оруулахгүй хаалт босгосноос болж иргэд цагдаа нарын хооронд жижиг мөргөлдөөн болсон талаар орон нутгийн сонинд мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас нийтдээ 2 сая орчим хүн орох оронгүй болсноос өнөөдөр 670 мянга орчим нь түр сууц чингэлэгт амьдарсан хэвээр байгааг хэвлэлүүд мөн мэдээлж байна. Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган 8000 гаруй хүнээ алдсан Адьяман хотод болсон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцох үеэрээ, нэг ч иргэнийг гэр орон, ажлын байргүй үлдээхгүй гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар 200 гаруй мянган байрыг гамшигт өртсөн хүмүүст хүлээлгэж өгсөн, энэ онд дахиад 220 мянгаад айлыг байранд нь оруулна гэж Туркийн ЗГ мэдэгдэж байгаа юм байна. Энэ зуур хүмүүсийн айдас өнөө хэр арилаагүй, дээрээс нь сүүлийн нэг 7 хоногийн туршид Грекийн Санторини арлын ойролцоох Эгийн тэнгист тасралтгүй олон газар хөдлөлт үргэлжилж байгаа нь Туркийн баруун өмнөд нутгуудад нөлөөлөх вий гэдэг айдас нөмрөөд байна. Эдгээр газар хөдлөлтийн нэг хүчтэйхэн нь, Хойд Анатолийн хагарлаас 15-хан км зайтай Истанбул хотыг доргиож магадгүйг Туркийн хот төлөвлөлтийн сайд Мурат Курум энэ 7 хоногт анхааруулсан байна. Өмнө нь 1999 онд дээрх залгаас тэлснээс 7,4 магнитудын газар хөдлөлт болж 17 мянган хүн, түүний дотор Истанбулд 1000 хүн амь эрсдэж байсан. Нурах эрсдэлтэй 600 мянган байшин байгаа Истанбул хот дахин тэр хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй гэдгийг сайд анхааруулсан байна.
БНТУ, Сири дэх гамшигт газар хөдлөлтөөс хойш хоёр жил өнгөрчээ | ||
Үзсэн: 294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.