Шууд Chart

Грекийн Санторини аралд онц байдал зарлажээ

2025-02-08 11:16:34

Грекийн амралт сувиллын Санторини аралд энэ долоо хоногийн туршид олон давтамжтай доргилт чичирхийлэл үргэлжилж байгаагаас 10 мянга гаруй иргэд оршин суугчид нь дүрвээд байна. Цаашид энэ нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй байдлаас шалтгаалан Грекийн эрх баригчид өчигдөр энэ бүс нутагт онц байдал зарласан байна.

Өнгөрөгч ням гарагаас хойш Грекийн Санторини болон Аморгос арлуудын дундах Эгийн тэнгист зуу орчим удаагийн тасралтгүй доргилт чичирхийлэл бүртгэгдсэнээс хамгийн хүчтэй нь Лхагва гарагт болсон 5,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм байна. Эгийн тэнгисийн төв дунд байрлалтай энэ аралд дахиад ч хүчтэй газар хөдлөлт болж галт уул оргилох юм уу цунами үүсч болзошгүй гэдэг болгоомжлол газар авчээ.

Грекийн газар хөдлөлтийн мониторингийн төвийн захирал Эфтимис Леккас, энэ удаагийн сейсмик идэвхжилийн онцлог нь өнөөдрийг хүртэл хүчтэй гэж нэрлэж болохоор нэг ч газар хөдлөлт бүртгэгдэж байгаагүйтэй холбоотой гэж ярьжээ. Гэхдээ Эгийн тэнгис дэх одоогийн идэвхжил тектоник шинжтэй байгаагаас галт уул оргилох магадлал бага, газар хүчтэй хөдөлбөл цунами үүсэх багавтар эрсдэл байгаа ч мөн л магадлал багатай гэж Афиний их сургуулийн сейсмологийн лабораторийн шинжээчид үзэж байна.

Улмаар эрдэмтэд хөрсний нуралт гулгалт болох аюул онцгой өндөр гэдэг дээр санал нэгтэй байна. Үүнээс өмнө 1956 онд Санторини аралд 7,5 магнитудын газар хөдөлж, 25 м өндөр цунами үүсч байсан байдаг юм байна. Үүний улмаас 53 хүн амь эрсдэж, зуу гаруй хүн гэмтэж, олон барилга байшин нурж сүйдэж байжээ. Харин одоогийнх шиг ингэж олон хоногоор үргэлжилсэн газар хөдлөлт Эгийн тэнгисийн энэ бүс нутагт 2010 оны эхээр болж, жил гарны туршид янз бүрийн үечлэлээр доргилт чичирхийлэл болж байсан ч онц мэдрэгдэхүйц хүчтэй байгаагүй юм байна.

Эрх баригчдын зүгээс сургуулиудыг хааж, аврагчид илгээсний зэрэгцээ иргэд оршин суугчдыг эрэг хавь, боомт газрууд руу явахгүй байх, мөн барилга байшинд олноор цуглахгүй байхыг анхааруулсан байна.  Грекийн байгалийн гамшиг, иргэний хамгаалалтын яамнаас онц байдлын дэглэм хүн амын хэрэгцээ шаардлага, газар хөдлөлтийн идэвхжилийн үр дагавар зэргийг харгалзан 3-р сарын 3-ныг хүртэл үргэлжлэхийг зарласан байна.

Грек Европын газар хөдлөлтийн идэвхжил ихтэй газар боловч энэ удаагийнх шиг ийм идэвхжил өмнө тохиолдож байсан түүхгүй, энэ байдлаараа хэдэн 7 хоног, сараар ч үргэлжилж болзошгүй гэж сейсмологчид үзэж байгаа юм байна. Санторини арал НТӨ 1600-д оны үед, түүхэн дэх хамгийн томоохон галт уулын дэлбэрэлтийн улмаас өнөөгийн хэлбэр төрхийг олсон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грекийн Санторини аралд онц байдал зарлажээ   
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй